Saturday, October 18, 2014

НАМРЫН ОЙД


















Моддын сиймхийгээр нарны туяа
Шидэт таяг мэт гэрэлтэхүй...
Ойн цоорхойд
Намар айлчилжээ.
Өглөөний тэнгэр адил
Өвсний үзүүр шаргалтаж
Өнгө борхон хэрэм
Боргоцойгоо тэврээд л
Өвлийн зүг дэгдэнэ.
Дэггүй салхи хүртэл
Нам гүмд ховсдуулж
Дэргэд суугаад
Айсан уйлагнана.
Дивангарын зүүд мэт
Энэ цөцгийд
Сүхээ бариад өндийхөд
Сүглэгэр модод хоорондоо шивнэлцэж
Сүүдрээ дэрлээд хэвтэхэд
Сүнс хүртэл диваажинг үл хүснэ.
2007.12.08 УБ хот

Sunday, May 5, 2013

ЭНЭ ЧИНЬ ЖИНХЭНЭ МОНГОЛ ХҮҮ...



Доорх мэдэгдэл хийснийхээ төлөө энэ Өвөр Монгол залуу хичнээн их зүйлээ алдахыг та мэдэх үү? Бидний элэг нэгт ахан дүүс мөхөж, уусч, үгүйрч байхад хэдий болтол нүдгүй, чихгүй юм шиг явах юм бэ?  

Saturday, April 20, 2013

ТӨСӨӨЛЛӨӨР БИЧСЭН ДУУЛЬ
















Байшингуудын оройгоор наран эв хавгүй еэ шагайхад
Бараан хананууд инээж сураагүйдээ шаналах шиг аниргүй...
Гар дахь дэвтэрт нь “Амьддаа бие биенээ хайрла” гэж бичсэн нь
Ганцаардагчийн нүдэнд үүл мэт хөшиглөх нь бас аниргүй...

Өглөө гарахдаа цайгаа уусан эсэхээ ч магад мэдэхгүй түүнийг
Өнгөрөгч хүмүүс үл тоомсорлох.., тоох ч завгүй...
Зөрөн холдоход нь зөөлөн харцаар ширтсээр хоцрох эвийн
Зүрхийг нь салхи л долоохыг мэдэхгүй.., мэдэхийг ч хүсэхгүй...

Хүлээж залбирсаар учирсан хавар яагаад ийм гунигтай байгааг
Хөндүүр цуурайтай сэтгэлээсээ асуух увайгүйтэл түүнд байхгүй...
Хүн бүрийн нулимс нэгэн ижил байдаггүйг ойлгохыг хүсээгүй
Хөөрхий найрагчид би харин, амьдрал хатуу гэж хэлж зүрхлэхгүй!
2010.05.07 УБ хот

Thursday, April 11, 2013

"ГЭНЭТИЙН БЭЛЭГ"




Өчигдөр Францын алдарт “Бойнг, Бойнг” жүжгээс сэдэвлэн миний бие бичсэн “Гэнэтийн бэлэг” романтик, инээдмийн жүжиг маань нээлтээ хийлээ. Жүжгийг найзууд театрын уран бүтээлчид амилуулсан юм. Дүрүүдэд Б.Нармандах, Г.Отгонцэцэг, Э.Ууганбаяр, Д.Лхагваа, Д.Уламбаяр, П.Шүүдэрцэцэг нарын авъяаслаг, өнгөлөг жүжигчид тоглосон нь улам бүр сонирхолтой болгожээ. Энэ дунд жүжигчин Э.Ууганбаярыг онцлон дурдахгүй өнгөрч болшгүй. Учир нь тэрээр энэ жүжгийг анхлан санаачилж, эхнэр Б.Уянгатайгаа хамтран олон түмэн биднийхээ мэлмийг гийгүүлж байгаа билээ.

Sunday, January 6, 2013

ЯВУУГИЙН НАЙЗУУД



Сайн байна уу? Ойрын үед эх орны ирээдүй болсон хүүхдүүдийн соён гэгээрүүлэлтийн төлөө энэ биеэ зориулж байсан учир блогтоо ч юм нэмж чадахгүй байлаа. Хэхэ. Миний бие “Явуугийн найзууд” хэмээх хүүхдийн боловсрол, танин мэдэхүйд зориулсан чөлөөт сэтгүүл гаргаж буйг та бараг гадарлсан биз. Сэтгүүлийнхээ анхны дугаарыг өлгийдөн аваад та бүхэндээ танилцуулсу гэж суугаа минь энэ. Ер нь хүүхдийн хэвлэл мэдээлэл их цөөхөн байна. Байгаа хэд нь дандаа бага насны хүүхдэд зориулсан зурдаг, буддаг байх жишээтэй. Бодохнээ бараг бидний багад илүү их сонин байдаг байсан юм шигээ. Би Би Би, Яагаад, Цох, Үлгэрийн ертөнц гээд л... эд бүгдийг шимтэн уншиж, гэгээн мөрөөдлөөр жигүүрлэн өссөний хувьд энэ цагын хүүхдүүдэд өөрийнхөө ертөнцөөс яагаад хуваалцаж болохгүй гэж гээд энэ хүү сэтгүүлийг гаргаад байна. Явуугийн найзууд сэтгүүл нь Миний зах, Номин, Интер ном, Билэг, Аз хур, Макс сүлжээ дэлгүүр болон номын худалдаануудаар худалдаалагдаж буй тул та бүхэн тааралдвал тэр даруй худалдан авч миний бяцхан ажлыг дэмжээрэй. Чингвээс дараа дараагын саруудад урам зориг нэмэгдэж, улам сайн сэтгүүл гарган танай гэр бүлд зочлох болно. 
                                         Хүндэтгэсэн Ж.Оргил

Monday, September 24, 2012

АФОРИЗМ



Дээр блогтоо өөрийн хэдэн афоризм оруултал багахан хэмжээний хэлэлцүүлэг өрнөж байсан удаатай.  Гэхдээ афоризмыг туйлын үнэн гэж харах нь өөрөө тэнэг хэрэг л дээ. Ер нь афоризмыг өөртөө сэдэл, сэрүүлэг маягаар тусгаж авна уу гэхээс биш амьдралынхаа хэв маяг, зарчим мэтээр ойлгох нь буруу юм.  Хүний амьдралыг хэдхэн үгэнд багтаагаад хэлчих тийм арга, ухаан, хүн одоогоор байхгүй л болов уу? Тэр л үүрэг бүхий зүйлийг зарим хүмүүс хэт хүндээр хүлээж аваад, чичрээд байдаг тал бий. Тэгээд ч нээг их сүйдтэй юм бичлээ гэж бодохгүй байгааг минь  өмнөх бичлэгээс хараа биз дээ. Юутай ч миний блогын хамгийн их хандалтыг Афоризм аваад байгаа учир дахин өөрийн хэдэн “үгс”-ээ та бүхэнд толилуулъя. Дараа тэгж байгаад афоризмын тухай нэлээд ултай бичигдсэн “шинжлэл” орууламц. 

Туйлшрал бол тэнэглэлийн томоохон хэлбэр мөн.

Wednesday, September 12, 2012

ӨР НИМГЭН СОНЕТ












Урьд болздог асан төгөлдөө ирлээ.
Усан   нүдэлжээ  модод!
Навчсаас хагацах дусал бүр нь
Надаас түүнийг асуух мэт дуутай юм.

Эргээд харвал мөрнөөс татах шиг
Ийм  амьдлаг  оршихуйсан..,
Ингээд ганцаар ирэхэд аргадах мэт
Инээхийг мартсан уруулыг салхиар арчина.

-Битгий.., битгий төгөл минь
Бид хоёр хоёулаа шаналж байна.
Бие биедээ хань болдог орчлонгын жамаар
Би түүнээсээ салж, чамайг гэж ирлээ.
                          2011.10.24 нд УБ хот

Sunday, August 5, 2012

СЭТГЭЛДЭЭ НАРГҮЙ ХҮНИЙ НҮД НЬ УС ШИГ БАЙДАГ























Надад мөн чанар буй аваас тэр хүн чанар л...
                                                                       О.Д

Сэтгэлдээ наргүй хүний нүд нь ус шиг байдаг.
Сэмээрхэн гишгэх, гөлөлзөн харах нь зүрхийг
Живүүлэх шиг санагддаг. Яагаад ч юм тийм
Хүмүүсийг би шарихран өрөвдөж, яг борооны
Дараах сонингийн цаас шиг эмзэг болчихдог.
-Толгойгоо өргө, амьдралыг үнэл гэж хэлэхийг
Хүсэвч тэдний нэг өөрөө юм шиг санагдаад...
Тэгээд уйтгарт, уртын урт шүлгүүдээ бичдэг!
                                         2011.11.16нд УБ хот

Tuesday, June 19, 2012

ЧИ



















Чи
Борооноос төрсөн мэт,
Уйтгар ээж чинь юм шиг
Үсэн дундуур чинь ганцаараа алхаад л баймаар...
Эргэн харах чинь үүлэн завсраар
нарны ганцхан цацраг асгарах өнгөтэй
Инээх чинь шинэ гутал өмссөн хүүгийн төрхтэй...
Чи намрын нэг хэсэг мэт,
эсхүл чиний нэг хэсэг намар шиг...
Навчсын дээгүүр итгэлтэй гишгэлэн орхин одогч,
Зүгээр нэг явчихгүй өөрийгөө үргэлж сануулагч
чихний гэдсээ имэрдэг үйлдлээ нүдэнд үлдээсэн
Зүүд шиг, сэрсэн ч санаанаас гардаггүй зүүд шиг чи.
Ямар их хайрын шүлэг өөрт чинь зориулагдсаныг ойлгоогүй,
юу ч болоогүй юм шиг л амьдарсан
Янжинлхам юм чи.  
Хараамаар санагдавч, харанхуйн дундаас
Хос гэнэн чинь тодроод,
Хайран нь чи.., хайртай нь би.
Ганцаардал шиг ганц, ганцаар, ганцаараа тавилант
Ганцхан хувь чи...
Чи.

2012.06.14 нд УБ хот