Sunday, May 5, 2013

ЭНЭ ЧИНЬ ЖИНХЭНЭ МОНГОЛ ХҮҮ...



Доорх мэдэгдэл хийснийхээ төлөө энэ Өвөр Монгол залуу хичнээн их зүйлээ алдахыг та мэдэх үү? Бидний элэг нэгт ахан дүүс мөхөж, уусч, үгүйрч байхад хэдий болтол нүдгүй, чихгүй юм шиг явах юм бэ?  

Saturday, April 20, 2013

ТӨСӨӨЛЛӨӨР БИЧСЭН ДУУЛЬ
















Байшингуудын оройгоор наран эв хавгүй еэ шагайхад
Бараан хананууд инээж сураагүйдээ шаналах шиг аниргүй...
Гар дахь дэвтэрт нь “Амьддаа бие биенээ хайрла” гэж бичсэн нь
Ганцаардагчийн нүдэнд үүл мэт хөшиглөх нь бас аниргүй...

Өглөө гарахдаа цайгаа уусан эсэхээ ч магад мэдэхгүй түүнийг
Өнгөрөгч хүмүүс үл тоомсорлох.., тоох ч завгүй...
Зөрөн холдоход нь зөөлөн харцаар ширтсээр хоцрох эвийн
Зүрхийг нь салхи л долоохыг мэдэхгүй.., мэдэхийг ч хүсэхгүй...

Хүлээж залбирсаар учирсан хавар яагаад ийм гунигтай байгааг
Хөндүүр цуурайтай сэтгэлээсээ асуух увайгүйтэл түүнд байхгүй...
Хүн бүрийн нулимс нэгэн ижил байдаггүйг ойлгохыг хүсээгүй
Хөөрхий найрагчид би харин, амьдрал хатуу гэж хэлж зүрхлэхгүй!
2010.05.07 УБ хот

Thursday, April 11, 2013

"ГЭНЭТИЙН БЭЛЭГ"




Өчигдөр Францын алдарт “Бойнг, Бойнг” жүжгээс сэдэвлэн миний бие бичсэн “Гэнэтийн бэлэг” романтик, инээдмийн жүжиг маань нээлтээ хийлээ. Жүжгийг найзууд театрын уран бүтээлчид амилуулсан юм. Дүрүүдэд Б.Нармандах, Г.Отгонцэцэг, Э.Ууганбаяр, Д.Лхагваа, Д.Уламбаяр, П.Шүүдэрцэцэг нарын авъяаслаг, өнгөлөг жүжигчид тоглосон нь улам бүр сонирхолтой болгожээ. Энэ дунд жүжигчин Э.Ууганбаярыг онцлон дурдахгүй өнгөрч болшгүй. Учир нь тэрээр энэ жүжгийг анхлан санаачилж, эхнэр Б.Уянгатайгаа хамтран олон түмэн биднийхээ мэлмийг гийгүүлж байгаа билээ.

Sunday, January 6, 2013

ЯВУУГИЙН НАЙЗУУД



Сайн байна уу? Ойрын үед эх орны ирээдүй болсон хүүхдүүдийн соён гэгээрүүлэлтийн төлөө энэ биеэ зориулж байсан учир блогтоо ч юм нэмж чадахгүй байлаа. Хэхэ. Миний бие “Явуугийн найзууд” хэмээх хүүхдийн боловсрол, танин мэдэхүйд зориулсан чөлөөт сэтгүүл гаргаж буйг та бараг гадарлсан биз. Сэтгүүлийнхээ анхны дугаарыг өлгийдөн аваад та бүхэндээ танилцуулсу гэж суугаа минь энэ. Ер нь хүүхдийн хэвлэл мэдээлэл их цөөхөн байна. Байгаа хэд нь дандаа бага насны хүүхдэд зориулсан зурдаг, буддаг байх жишээтэй. Бодохнээ бараг бидний багад илүү их сонин байдаг байсан юм шигээ. Би Би Би, Яагаад, Цох, Үлгэрийн ертөнц гээд л... эд бүгдийг шимтэн уншиж, гэгээн мөрөөдлөөр жигүүрлэн өссөний хувьд энэ цагын хүүхдүүдэд өөрийнхөө ертөнцөөс яагаад хуваалцаж болохгүй гэж гээд энэ хүү сэтгүүлийг гаргаад байна. Явуугийн найзууд сэтгүүл нь Миний зах, Номин, Интер ном, Билэг, Аз хур, Макс сүлжээ дэлгүүр болон номын худалдаануудаар худалдаалагдаж буй тул та бүхэн тааралдвал тэр даруй худалдан авч миний бяцхан ажлыг дэмжээрэй. Чингвээс дараа дараагын саруудад урам зориг нэмэгдэж, улам сайн сэтгүүл гарган танай гэр бүлд зочлох болно. 
                                         Хүндэтгэсэн Ж.Оргил