Tuesday, February 14, 2012

ЦАС ОРООД ДУУСАХАД БИ Л ҮЛДЭНЭ
















Цас ороод дуусахад би л үлдэнэ. Цагаан уй хотыг нөмөрч
Гэгээн гэрэл гудамжууд сүвлээд, бараан муур ч байхгүй
Болоход би л үлдэнэ. Зөрөх хүмүүс бүгд зүүдэн дотороо
Явахад, зүрхийг нь зөөллөн цас орж байхад халаасан дахь
Шүлгийн дэвтэрээ тас атгасаар, харсан зүг бүрээсээ гуниг
Нэхсээр би л үлдэнэ. Нэрээ мэдэхгүй нохой нохой гэдгээ
Ойлгох цагт нэвсийсэн их уянга нэг нэгээрээ хаялан ахуйд
Нэг л янзаараа  би..,  би л үлдэнэ.  Цас  ороод  дуусахад..!
                                                     2012 .01.02 нд УБ хот

Monday, February 13, 2012

ОЙН ШӨНӨ















Уулын хазгайг жаахан налаад ургачихсан нарийхан улиангар
Уйлах гээд байгаа юм шиг,
инээх гээд ч байгаа юм шиг навчис нь үл мэдэгхэн хөдөлнө.
Учирсан янагийн шивнээг чагнахыг хүссэн зуйрган саран
Урагш хойш найгах моддын сиймхийгээр шагалзана.

Хөвчийн шөнө үнэгний сүүлнээс чаргууцалдсаар
Хүйлэн цэнхэр хүлэг болоод жим ороон давхиж одоход
Хосын хөнгөн үнсэлтээс ойн үлгэр эхэлж
Хонгор эрвээхийс болоод гэрэлт цохсын дунд эргэлдэнэ.
    2009.07 сар. Түнэлийн түнэр шөнө бичив би!

Wednesday, February 8, 2012

ВАЛЕНТИНЫ ЗАХИДАЛ

Өнөөдөр миний хувьд баярт өдөр болж байна. Учир юу хэмээвээс анд М.Хангалтайгаа хамтран бичсэн хайр, дурлалын сэдэвт “Валентины захидал” УСК нээлтээ хийж байгаад юм. Тус киноны найруулагч Д.Баярсайхан ах ерөнхий санааг нь гаргаж өгөөд, бид цаасанд буулгасан ухаантай. Кино групп маань “Амьдралд тавтай морил” олон ангит киноны баг байсан. Мөн цусаа “Nuans” хамтлагийн дуучин М.Амарсанаа болон Миссүүдээр сэлбэн ажилласныг хэлэхэд таатай байна.
Уран бүтээлийн тухайд өнөөдөр үзээд л хэлэх үгтэй болох байх. Харин зохиолын тухайд сонирхуулахад бид аль болох Холливууд стандартын зохиол гаргахыг хичээсэн. Тэр тал дээр нилээд сууж ажилласаас гадна кино маань дундуураа мюзикл орох зэрэг сонин сонин шийдлүүд бийг дурдууштай. Давчуу хугацаанд, яаруу бичсэн тул алдаа бийг үгүйсгэхгүй ч, арай ч дээ гэхээр юм байхгүй болов уу гэж найдна. Ингээд хамтран ажилласан анд М.Хангал болон бусад уран бүтээлчиддээ "баярлалаа" гэж хэлэхийн сацуу та бүхнийг гэгээн хайрын тэнгэр ивээх болтугай гээд өөрийнхөө нэгэн шүлгийг зориулан нийтлэв. 

Monday, February 6, 2012

НОМЫН ЦАГААН БУЯН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ

Надад яруу найргийн хоёр ном байдаг юм. Ирээдүйд мэдээж хавьгүй олон болно л доо. Одоо байгаа нь л хоёр гэсэн үг. Эхнийх нь “Саранд үүрлэсэн шувуу”, удаахь нь “Одод бороо шиг байхад” гэдэг нэртэй. Анхны номынхоо тухай жаахан өгүүлье. 2008 оны хавар манай үеийнхэн номоор бороо оруулж, зарим охид шүлгэнд шалба норж явлаа. Бүгд номоо өөрсдийнхөө мөнгөөр гаргацгаасан. Зарим нэг нь номныхоо мөнгийг шингэн хэлбэрт шилжүүлсээр 1000 хувь гарах ном 300-хан ширхэг болж хувирах агуу үйл явц миний нүдэн дээр өрнөсөн.  Гэхдээ яахав... ярьсандаа хүрч бүгдээрээ номоо гаргацгаасан. Бүр хэтэрч гаргасан шүү. Нэг хүн 20 жилийн дараа номоо гаргана гэж араа шүдээрээ ам тангараг өргөж байснаа нэг л өдөр өөрчлөгдөөд тэр хавар гаргасан юмдаг. Маш сонин хавар. Сайхан ч байж дээ. Хамгийн сайхан нь тэдэн дунд миний нэг муу бор ном цохиж явсан. Д.Галбаатар багшаар өмнөх үг бичүүлчихээд, бас ч үгүй магтаалд нь хөөрчихсөн “баагий” яруу найргийн гурван онолтой.
1 дүгээрт: Шүлгийг хэзээ ч бүү зас. Учир нь байгалиас заяачихсан юмыг засахаар улам л муухай болно.
2 дугаарт: Шүлгийг хамгийн энгийн, байж болох хамгийн даруу зүйрлэлүүдийг ашиглан бич. Учир нь тэр миний онцлог болох болно.
3 дугаарт: Мэдрэмжээс ангид бүү сэтгэ. Учир нь Бүүвэйд гоочлуулна /Хаха/. Аймар дүрмүүд байгаа биз. Үнэндээ бол бараг иймэрхүү л бодолтой явсан. Ямар сайндаа л Ч.Билигсайхан багшид загнуулснаа ч юман чинээ тоохгүй сэнсэрч явах вэ дээ.