Monday, December 19, 2011

ШӨНӨ ДУНД СЭРВЭЛ

   
                            










                                   Охин минь инээгээд л...
                                           тайван, аз жаргалтай!
                                                    S.S

Шөнө дунд сэрвэл...
Одод бороо шиг байхад сэрвэл...
Сэрүүлэгтэй цаг дэрний минь дэргэд
Дуг нойрондоо байхад сэрвэл...
Шөнө дунд сэрвэл...
Сарны цаад руу өвсөс хийсч байхад сэрвэл...
Эмх замбраагүй гудамжууд
         Хачин жигдхэнээр амьсгалж байхад сэрвэл...
Ээжийнхээ хэвлийд үр минь дэлхийн төв адил байхад сэрвэл...
Шөнө дунд,
Шөнө дунд сэрвэл...
Гудамжны үзүүр дэх өнчин гэрэл
        Ганц эрвээхэйг мөрөөдөх шиг,
                Ганц бүсгүй уйтгарлан зогсохыг төсөөлөх шиг
Ганхахад сэрвэл...
Гэрийн минь гадаа адуу тургилах шиг болоход сэрвэл...
Гүүр, талбайд дүнсийгээд
        Яг одоо л цас орчих гэж байгаа мэтэд сэрвэл...
Гэрлэн дохионууд сүйх тэрэг хүлээж цөхөөд
        Зовхио даан ядаж анивчлахад сэрвэл...
Шөнө дунд сэрвэл...

Monday, December 12, 2011

АНХНЫ ЦАСААН
















Анхны цасаа
            Харсан шигээ
            Чамайг харахсан
Анхны цасаа
            Амталсан шигээ
            Уруулыг тань шимэхсэн
Анхны цасаа      
Үүлсээс тасрахыг нь төсөөлсөн шигээ
Нойрсож буйг тань мөрөөдөхсөн
Анхны цасаа
Өвс хучихыг нь анирласан шигээ
            Хөлийн тань чимээг чагнахсан
Анхны цасаа
            Өлмийд урагдахыг сонсоод өрөвдсөн шигээ
            Өөрөө ч мэдэлгүй гансрахсан
Анхны цасаа
            Хуучрахыг нь хараад уйлсан шигээ
            Холдохын зөнд живэхсэн
Анхны цасаа
            Хайлж буйг нь хараад баярласан шигээ
            Ахиад чамайг цэцэг болж ирнэ гэдэгт итгэхсэн
Анхны цасаан...
                                        2007.11.23 УБ хот

Анхны цас...
Анхны бороо...
Анхны ном...
Анхны юм бүхэн сайхаан гэж!

Sunday, December 11, 2011

ҮҮЛС ТАСРААД Л...











Үүлс тасраад л
Хотын тэнгэрээр
Үйрмэг ширхэг болон бударна
Намрыг дарахаар..!
                                               2007.01 Түнэл сум

Thursday, December 8, 2011

МИНИЙ НУУЦ ХҮҮ ЖҮЖГИЙН ТОВЧЛОЛ


Энэхүү жүжиг нь Тайванаа, Бүүвэй гэх хоёр залуу хөдөөний нэгэн сууринд хэсэг охидуудтай зугаацаж яваад вагоноосоо хоцорсноор эхэлдэг. Хамт явсан охидууд нь тэднийг гудамжинд орхиж явснаар манай хоёр баатар таних мэдэх хүнгүй газар, намрын хүйтэн цагаар хэрхэхээ мэдэхээ байн осгож үхэх аюулд унана. Арга барагдсан эрхмүүд айлын хаалгыг тогшоод оруулахыг гуйдаг. Мэдээж харанхуй шөнө, танихгүй хоёр хүнийг гэртээ хонуулах тэнэг хүн тэр сууринд байсангүй. Тэднийг яг ийн мунгинаж байх зуур гудамжинд Мягмар гарч ирдэг. Тэрээр хөрш айлын Дэлгэрмаа гэх бүсгүйтэй ярилцаж байхыг Тайванаа, Бүүвэй хоёр сэм чагнаад нэрийг нь мэдэж авснаар жүжгийн өрнөл эхэлнэ.
Бүүвэйгийн санаачилснаар хоёул Мягмарын гэрт ороод гэртээ ганцаараа байсан хүү Начинд нь Тайванааг өөрийнх нь эцэг нэгт ах, Мягмарын нууц хүү гэж хэлж орхидог. Ингээд гурвуул ширээнээ суун найрлаж байтал Мягмар хаалга тогшино. Мягмараас айхдаа Тайванаа, Бүүвэй хоёр гал тогооны өрөө рүү орно. Харин Начин “таны хүү ирсэн” гэдгийг зөвөөр тайлбарлахаар өрөөндөө үлдэнэ. Мягмар орж ирмэгц Тайванаа учрыг тайлбарлана. Тэр хоёрыг ярилцаж байх зуур зальт этгээдүүд ардуур нь сэмхэн гарахыг хүсэх боловч ямар нэг байдлаар азгүйтсээр гарч чадалгүй Мягмартай нүүр нүүрээрээ тулдаг. Ийн учрахын өмнө Мягмар өвгөн Начинтай гэнэтийн гийчин болох Тайванааг хэн болохыг тааварлан ярьж байхыг Бүүвэй сэмээрхэн чагначихдаг. Мягмар Тайванаагийн ээжийг хэн байж болохов гэж бодож байгаад өөрийн насны залууд учирч явсан бүсгүй болох Янжинг санан, тэрний л хүүхэд болж таарлаа гэж таамагладаг. Тэд нүүр нүүрээ харан уулзаад, сандарсан Мягмар найрын ширээнээ урин хэд гурван үг сольж байтал Мягмарын том охин болох Од орж ирнэ. Хорин нэгхэн настай, зээр шиг тогтворгүй нүдтэй үзэсгэлэнт охиныг хараад манай хоёр баатар хоёул сониучирхана. Хэрсүү охин харин Мягмар, Начин хоёр шиг тийм амархан Тайванаа, Бүүвэй хоёрт итгэсэнгүй. Ээжийнх нь нэр ус, аавтай нь хаана танилцсан зэргийг асууна. Дээр өгүүлсэнчилэн Мягмарын Начинд ярьж байсан зүйлсийг Бүүвэй чагнан Тайванаад юу хэлэх ёстойг хэлсэн тул манай баатрууд сандарсангүй Янжингийн тухай гайхамшигт үлгэрийг ярьсанаар Мягмар өвгөн болоод түүний гэр бүл Тайванааг өөрсдийн ах, хүү гэдэгт эргэлзэх зүйлгүй итгэдэг.

Tuesday, December 6, 2011

БОЛОР ЦОМД ОРОЛЦОХ ХҮМҮҮСИЙН НЭРС ТОДОРЛОО


Зиаг энэ жилийн Болор цом 29 наадамд оролцох хүмүүсийн нэрс тодорсон байна. Ер нь бол жил жил жирийгээд байдаг оролцогчид хэвээрээ л байна. Мэдээж цаг хугацааны жамаар ганц нэг хүмүүс нь дутаж, бас ганц нэг “шинэков” нэмэгдсэнийг та анзаарсан байх.
Болор цом яруу найргийн наадмын тухайд бол хүмүүс бүгд л өөр өөр бодолтой явдаг. Оюутан байхдаа би мэдээ бэлтгэж хэдэн төгрөг олдог сониндоо айхтар шүүмжилсэн аястай сурвалжлага нийтэлж л байлаа. Харин одоо тэр үеэс арай өөр бодолтой болоод байгаа. Хэдийгээр энэ наадам нь яруу найргийн хэмжүүр өчүүхэн ч биш гэж боддог боловч, талхнаас өөр юм бодохоо байсан манай ард түмэнд бэлгэдлийн ч болтугай нэг ийм юм байх нь зүгээрээ гэж...
За тэгээд энэ наадамд оролцох болсон бүх хүмүүст амжилт хүсье. Бүгдээрээ түрүүлээрэй!
1.      Ш.Анхтуяа
2.      М.Амархүү
3.      Б.Баттулга
4.      Л.Батцэнгэл
5.      Б.Баярсайхан
6.      Л.Баясгалан
7.      С.Барааннасан
8.      С.Бүрнээ
9.      М.Баянмөнх
10.  М.Билигсайхан

Monday, December 5, 2011

НАМРЫН ОЙ
















Намрын ой адил
Сэтгэлд тань
Түлээчин шиг
Очсоныг уучлаарай.
Нар, салхины
Үнэрт согтоод
Хаа буйгаа мэдсэнгүй.
Ширхэг өвсийг тань хөндөж
Анирыг эвдэхгүй гэхдээ
Сэмээрхэн явсан минь л
Гэмтэн шиг санагдуулсан байх...
Уйлахдаа чи
Улам үзэсгэлэн нэмэх ч
Уйтгарлан дүнсийх тань
Сүүдрийг хүртэл жиндээх юм.
Өөрөөс минь болж
Өвөл болохыг чинь тэвчихгүй нь
Тэнгэрээс олс унжуулаачдээ
Тэгвэл чамд үнэнчээ үзүүлье,
хайрт минь!
                                                   2007 УБ хот
                                    "Саранд үүрлэсэн шувуу" номноосоо