Би гайгүй нийтэч хүн л дээ. Тэр тоогоороо олон найз
нөхөд, танилтай байдаг. Гэлээ гээд нүүр рүү ном шидэж уурлачихаад хэдхэн
хоногийн дараа инээгээд учрах нөхөд их цөөхөн дөө. Бусад хүмүүст ч гэсэн тийм
“зүрхний” гэмээр найз их бус байдаг болов уу? Ер нь нөхөрлөл, хайр дурлал, ажил
мэргэжил, уран бүтээл зэрэг бүх юм хувь тавилан байдаг байх гэж боддог. Нарийн
яривал үйлийн үр. Хэрвээ тэр бид хоёр нэг сонирхолтой байгаагүй бол нэг ангид
орж, мөр зэрэгцэн суухгүй
байсан. Магадгүй энэ нүсэр хотод хөдөөний хоёр бацааны гэр нь нэг гудамжинд
байж таараагүй бол анхны хайрынхаа тухай хэн хэндээ сэтгэл догдлон ярихгүй
байсан байх... Юм гэдэг сонин шүү.
Түүний нэрийг Пунцагболд гэдэг юм. Найзуудынх нь
дууддагаар Илжиг. Манай хэдэн “гарууд” бүгд л их өвөрмөц нэртэй дээ. Сарлаг,
Илжиг, Шрек, Смыгаль гэх жишээний. Хэхэ. Хамгийн олон нэртэй нь
Хатанбүүвэйбаатар. Жинхэнэ нэр нь ч, хоч нь ч тэр бусдаасаа хамаагүй их. Хүнээс
илүү “юмтай” байх сайхан уу гэж би түүнээс нэг асуух бодол өвөрлөөд л яваа. Урдаас
“хуц” л гэх байх. Гэхдээ би ч гэсэн зөрүүлээд хариулах үгтэй. За Бүүвэй ч яахав тэр Илжигнийхээ тухай яръя.
Зан чанарын хувьд ёстой “дунд нь л байсан” гэдэг шиг хүн дээ. Хүнийг гомдоох,
хэрүүл уруул хийх, хичээл ном таслах, архи дарс уух зэрэгт тэр дунд нь л
байсан. Одоо ч дунд нь л байсаар байгаа. Анх жалга жалгын зүрхний хийтэй хэдэн
бацаанууд нэг анги болон нэгдчихээд, тролейбус дотор талх бодоод зүүрмэглэж
яваа хэдэн хөгшид багачуудад шүлэг чангаар дуудаж өвчигнөж явдаг байснаа бодохоор
одоо бөгс улайдаг юм. Хаа сайгүй шүлэг уншиж явна. Цонхны тавцан, коридор,
нойл, эрүүлжүүлэх... нөгөө уншаад байгаа шүлэг нь хөөрхий хөгийн юмаа зайлуул.
Жинхэнэ алдарт яруу найрагчид байсан даа.