Wednesday, March 14, 2012

"НҮЦГЭН БИЕИЙГ АЛДАРШУУЛЪЯ"-ЫН НҮЦГЭН ҮНЭН



“Уг гарвал нь ийм л юм билээ л дээ. Хүний оюуны бүтээл, тэр дамаа зохиогчийн нэр усан дээр ийм муухай будилах ч дээ... за тэгээд үнэн бол цөөн ч болтугай хүн мэдээсэй хэмээн энэ нийтлэлийг оруулав”

Хэдэн жилийн өмнө "Хорионд байсан шүлгүүд" нэртэй нэг бяцхан дэвтэр нийтлэгдсэнийг бид хоёр хожуухан олж үзсэн юм. Олж үзээд үнэнийг шүтэх үүднээс нэгэн өгүүлэл бичихээр ярилцсан боловч хэн хэний маань зав зай болохгүй явсаар бас  л чам­лахааргүй хэдэн жилийг үдэж орхижээ. Ийн нэ­лээд хэдэн жил  өнгөрсөн хойно ч гэсэн үнэнийг дуулгах үүднээс энэ зүйлийг тэрлэв. Уг дэвтэрт "Нүцгэн биеийг алдаршуулъя"  гэсэн нэгэн шүлэг нийт­лэгдсэнийг тэр хэвээр нь сийрүүлье.
Нүгэл хэмээн маяглаж
Нүдээ таглахгүйгээр
Нүцгэн биеийн гоо үзэсгэлэнг магтъя
Шалиг завхай шунаг тачаалыг цааш нь түлхэж
Шалдан биеийн тэнгэрлэг сайхныг алдаршуулъя
Янаг минь чи хувцсаа тайл!
Ялгаа байхгүй өмдөө ч бас тайл.
Ядам хуруун дахь бөгжөө ч бүү үлдээ
Яг л урд минь чи бүрмөсөн нүцгэл!
Алдарт зураачийн зурсан
Адам Ева хоёр шиг
Ариухан хүйснийхээ ялгааг навчаар бүү хаа
Рафаэлийн бийрээр амилсан
Амирлангуй нэгэн дүр
Алган дээрээ нар мандуулсан хүүгээ өргө
Үүрийн гэгээг нэвт гийсэн дагина шиг
Үзсэн харсан бүгдийн алаг нүдийг булаа
Яргуй дэлгэрч ятга уянгалтал инээд алдан
Янаг минь чи хувцсаа бушуухан тайл
Ялдам хорвоотой анх ингээд мэндэлсэн
Яг л урд минь чи бүрмөсөн нүцгэл
Газрын холоос цанган анган тэмүүлсээр
Гал халуун нулимсаа хаян мансуурдаг
Гар хүрвэл хиртчихээр ариухан
Гантиг чулуун цээжийг чинь  бахадъя
Залуу насны чадал дуудсан оргил шиг
Замба тивийн тахилга нь болгон шүтмээр
Гангар шаазан шилдүүлэн хөмөрсөн шиг
Ганган товчлуурт мээмийг чинь бахадъя
Занабазарын урласан Дарь эх шиг
Заяасан биеийн гоо үзэсгэлэнг бахадъя
Бүхэл зуунаар шагших найрагчийн
Бүжин хар нүднээс албаар доошлон
Бүлээн халуун эсээр цангаа тайлан
Бүсгүй хүний нүцгэн биеийг алдаршуулъя
Тансаг дээд нейлон капроныг
Таар шуудай эсгийнээс би илүүтгэхгүй
Нүдэнд минь тээр болсон хувцсыг мулталж
Нүцгэн биеийг чинь онцгойлон магтъя
Нүцгэн бие мандтугай!
Нөмөрсөн хувцас нүд далд хаана
Нүцгэн бие нүглээ нуудаггүй
Нүцгэн бие нүцгэн биенээс тасарна
Нүгэлтэй юм хаана байна?
Гүйлсийн өнгөт сайхан биеийг чинь
Гүйцэд харах хүсэл надад байна
Усны цээлд жараахай шиг булгилан
Уяханаар туялзах бэлхүүсийг чинь магтъя
Жавартай шөнө зүрх халууртал энхрийлж
Жавхаалаг биеийн чинь илчийг хүртэн хайрлаж
Хуурын хялгас шиг уян зөөлөн
Хун цагаан гарыг чинь магтъя
Сар хүртэл сүүтэгнэн чичигнэх
Сайхан цагаан хаcыг чинь алдаршуулъя   
Уруул хацрыг улам доошлуулж
Уудам хорвоотой учран золгохоор
Хайлан уйлан тэмүүлж гарсан
Хамгийн анхны хаалгаа алдаршуулъя
Хүн бүхэн энэ хаалгаар дуулалдан цуварч
Хүж дэлхийн зоонд анх удаа мэндэлсэн  
Хүн бүхний яс цусанд шингэсэн
Хүндтэй ариухан энэ хаалгаа алдаршуулъя
Ертөнцөд урьд хэдийд ч гэсэн тэр
Эр хүн эр хүнээс төрөөгүй
Эгэл бие нь бүсгүй хүнээс тасарсныг
Эрхгүй мөнхөд хичээнгүйлэн дурсаж
Эр хүний итгэл хайранд ижилдэн дассан
Эмэгтэй хүний шидэт цогцсыг магтъя
Энэ орчлонд анх нүцгэн биеийг алдаршуулж
Юм бүхнээс онцгойлон хайрлаж шүтэн
Ертөнцийн эх болсон бүсгүй хүнийг алдаршуулъя
Нүд булаам ургасан зуны гоо цэцэг шиг
Нүгэлгүй ариухан нүцгэн биеийг чинь алдаршуулъя! хэмээсэн энэ шүлгийг "Хорионд байсан шүлгүүд"   номыг эмхэтгэгчид Р.Чойномын бүтээл хэмээн  оруулжээ. Гэвч энэ бол Чойно­мын бүтээл биш, өөр нэгэн нэрд гарч ча­дал­гүй байсаар насан өөд болсон хүний шүлэг гэдгийг мэдэх хүн нэлээд бий.
"Нүцгэн биеийг алдаршуулъя" шүл­гийн зохиогч бол Шагдаржавын Ганбат гэдэг найрагч байсан юм.  Лочин миний хувьд гэхэд Ш.Ганбатыг би  бага сургуу­лийн сурагч байхаас нь эхлэн мэдэх бөгөөд насан өөд болтол нь манайхан Зайсангийн аманд олон жил айл зэргэл­дээ байсан билээ. Эрдэнэбат миний хувьд гэхэд би Ш.Ганбаттай  тэр үеийн­хээр Улсын багшийн дээд сургуулийн Монгол хэл утга зохиолын ангид  1970-1974 онд нэг ангид хамт суралцан төгссөн юм.Тэр оюутан байх цагтаа  энэхүү "Нүцгэн биеийг алдаршуулъя" шүлгээ бичиж  ангийнхан бидэнд уншиж өгдөг, бид ч  энэ шүлгийг бараг цөмөөр цээжээр мэддэг байсан юм даа. Одоо төрөлх сургуульдаа багшилж байгаа доктор (Sс D) профессор Л.Санжаа, нэрд гарсан шог зохиолч Шаг.Цэнд-Аюуш гээд манай ангийнхан энэ шүлгийг Ганбат маань бичсэнийг баталж байна. Иймээс  эн­дүүр­лийг арилгаж  "Нүцгэн биеийг алдар­шуулъя" шүлгийн зохиогч  нь  манай ангийн Ш.Ганбат байсан юм шүү гэдгийг олон түмэнд хүргэх хэрэгтэй гэж бодож байна.
Би Ганбатыг Зайсангийн аманд бага сургуулийн сурагч байхаас нь мэднэ гэдгээ давтъя. Бас л талийгаач болсон, яруу найрагч, олон хэлний орчуулагч Дамдинсүрэнгийн Алтанхуяг бид гурав тухайн цагтаа  "Зайсангийн гурван зохиолч" гэгддэг байлаа. Ганбат долду­гаар ангиа төгсөөд Хөгжим бүжгийн дунд сургуулийн ардын хөгжмийн ангид орж морин хуураар  хичээллэдэг байсан юм. Тэр чухам энэ үеэсээ л шүлэг бичиж эхэлсэн бөгөөд түүнээс хоёр гурван жилийн дараа Алтанхуяг  ч бас шүлэг бичиж эхэлсэн юм сан. Би тэр хоёроос нэлээд хэдэн насны ахмад, хувь төөр­гөөр бас ч хол ойр тэнэж, юм үзэж нүд тайлсан гэж болохоор амьтан байсан болохоор, тэгээд шүлэг мүлэг гээд янз янзын юм эрээчдэг байсны учир  адгийн наад зах нь тэдэнд орос хэлээр гарсан янз янзын шүлэг зохиолын ном үзүүлж, чадах чинээгээрээ учир явдал, хувь тохиолын нь талаар ярьж өгдөг байсан сан. Ганбат цэрэгт явсан юм. Тэгээд цэрэгт байхдаа  энэ бол шүлэг зохиол сонирхдог залуу хэмээн нэг залууг дагуулан над дээр ирж байсан нь хожим ихэд алдаршсан Эрээнцавын гэгддэг Д.Нямсүрэн байж билээ.
Ганбат маань доль хэмээх Данзан, "Ванган Норов" гэгддэг нэг нөхөр, Ц.Цэдэнжав нарыг нэлээд  дагадаг байсан юм. Тэгээд Багшийн дээд сур­гуульд орохдоо хэдийн хэлбэржчихсэн шүлэгч байсан бөлгөө. Сургуулиа төг­сөөд аавынхаа төрсөн нутаг Хөвсгөл аймагт очиж нэг хоёр жил багшилсан юм­даг. Тэгэсгээд буцаад ирсэн. Ганбат гэртээ эрүүл саруул байж байгаад дүүгээ  өмөөрөн нэг архичин согтуу нөхрийн мэсэнд өртөн харуусалтайгаар амиа алдсан юм.Түүний хүүхэд байх ёс­той. Өдийд том болоо биз. Ганбатын бичсэн шүлэг нь хэдэн дэвтэр дүүрэн байсан. Амьд ахуйд нь хэвлэгдэж гавьсан юм байхгүй, хоёр гурван цагаан шүлэг нь л хэвлэгдсэн байх. Түүний уран бүтээлийн өв хоёр эрэгтэй дүүд нь л байгаа сураг дуулдаж байсан. Ганбатын "Оюутан ахуй цагтаа хоргодно" гэсэн нэг шүлгийн гар бичмэл нь яаж яваад ч юм над үлдсэн байдаг юм. Энэ шүлгийг нь би "Нүглийн далайд зугаацаар одсон нь" гэдэг шинэ зохиолынхоо нэгэн бүлэгт эшлэл болгон оруулсан билээ. Энэ шүлгийг нь уншигч олондоо толилуулъя.

Оюутан ахуй цагтаа хоргодно
Оргилуун амьдралын шуугиант ертөнцөд
Очих цаг минь ойртох бүрийд
Оюутан ахуй цагтаа би
Онцгой их хоргодож байна.
Оюутны ширээнд танилцсан андууд
Онц авахын хөөр баяр
Орой үдшийн үдэшлэг цуглаан
Онолын хичээл, лекцийн танхим
Оюуныг минь гэрэлтүүлсэн эрдэмтэн багш
Олон хаврын шалгалт шүүлгүүд
Орох гарахын хонхон дуу
Орчин тойрондоо сэтгэл дасаж
Орхиод явахад хэцүү байна.
Хангай говийн халуун нар
Хавар намрын оргилсон ажил
Хаа ч байсан хамт л явсаар
Хайрлаж ижилдэн дассан найзууд
Оюутан ахуй цагтаа би
Онцгой их хоргодож байна.
Олон юманд нь сэтгэл дасаж
Орхиод явахад хэцүү байна.
Ийнхүү Ш.Ганбат агсны  "Нүцгэн биеийг алдаршуулъя" шүлгийн нүцгэн үнэн ийм л учир үнэнийг дагахыг урьтал болгон бид хоёр үүнийг бичив.
                                            С.ЛОЧИН (МУСГЗ, доктор (Sс.D) профессор, зохиолч),
        Ц.ЭРДЭНЭБАТ (Доктор (Рh.D) профессор, яруу найрагч)

No comments:

Post a Comment