Thursday, December 8, 2011

МИНИЙ НУУЦ ХҮҮ ЖҮЖГИЙН ТОВЧЛОЛ


Энэхүү жүжиг нь Тайванаа, Бүүвэй гэх хоёр залуу хөдөөний нэгэн сууринд хэсэг охидуудтай зугаацаж яваад вагоноосоо хоцорсноор эхэлдэг. Хамт явсан охидууд нь тэднийг гудамжинд орхиж явснаар манай хоёр баатар таних мэдэх хүнгүй газар, намрын хүйтэн цагаар хэрхэхээ мэдэхээ байн осгож үхэх аюулд унана. Арга барагдсан эрхмүүд айлын хаалгыг тогшоод оруулахыг гуйдаг. Мэдээж харанхуй шөнө, танихгүй хоёр хүнийг гэртээ хонуулах тэнэг хүн тэр сууринд байсангүй. Тэднийг яг ийн мунгинаж байх зуур гудамжинд Мягмар гарч ирдэг. Тэрээр хөрш айлын Дэлгэрмаа гэх бүсгүйтэй ярилцаж байхыг Тайванаа, Бүүвэй хоёр сэм чагнаад нэрийг нь мэдэж авснаар жүжгийн өрнөл эхэлнэ.
Бүүвэйгийн санаачилснаар хоёул Мягмарын гэрт ороод гэртээ ганцаараа байсан хүү Начинд нь Тайванааг өөрийнх нь эцэг нэгт ах, Мягмарын нууц хүү гэж хэлж орхидог. Ингээд гурвуул ширээнээ суун найрлаж байтал Мягмар хаалга тогшино. Мягмараас айхдаа Тайванаа, Бүүвэй хоёр гал тогооны өрөө рүү орно. Харин Начин “таны хүү ирсэн” гэдгийг зөвөөр тайлбарлахаар өрөөндөө үлдэнэ. Мягмар орж ирмэгц Тайванаа учрыг тайлбарлана. Тэр хоёрыг ярилцаж байх зуур зальт этгээдүүд ардуур нь сэмхэн гарахыг хүсэх боловч ямар нэг байдлаар азгүйтсээр гарч чадалгүй Мягмартай нүүр нүүрээрээ тулдаг. Ийн учрахын өмнө Мягмар өвгөн Начинтай гэнэтийн гийчин болох Тайванааг хэн болохыг тааварлан ярьж байхыг Бүүвэй сэмээрхэн чагначихдаг. Мягмар Тайванаагийн ээжийг хэн байж болохов гэж бодож байгаад өөрийн насны залууд учирч явсан бүсгүй болох Янжинг санан, тэрний л хүүхэд болж таарлаа гэж таамагладаг. Тэд нүүр нүүрээ харан уулзаад, сандарсан Мягмар найрын ширээнээ урин хэд гурван үг сольж байтал Мягмарын том охин болох Од орж ирнэ. Хорин нэгхэн настай, зээр шиг тогтворгүй нүдтэй үзэсгэлэнт охиныг хараад манай хоёр баатар хоёул сониучирхана. Хэрсүү охин харин Мягмар, Начин хоёр шиг тийм амархан Тайванаа, Бүүвэй хоёрт итгэсэнгүй. Ээжийнх нь нэр ус, аавтай нь хаана танилцсан зэргийг асууна. Дээр өгүүлсэнчилэн Мягмарын Начинд ярьж байсан зүйлсийг Бүүвэй чагнан Тайванаад юу хэлэх ёстойг хэлсэн тул манай баатрууд сандарсангүй Янжингийн тухай гайхамшигт үлгэрийг ярьсанаар Мягмар өвгөн болоод түүний гэр бүл Тайванааг өөрсдийн ах, хүү гэдэгт эргэлзэх зүйлгүй итгэдэг.

Нэг мэдэхнээ өглөө болж хавийн амьтад нойрссон байх агаад харин мөнөөхөн ширээнээ хоосон лонх түшин өвгөн, Тайванаа хоёр хоцорсон байдаг. Өвгөн түүнд өөрийнх нь ээжтэй хэрхэн танилцаж байсан, өөрийгөө яаж шүү амьдарч байгаа тухайгаа ярих ба харин Тайванаа өвгөний асуултуудад ороогдон хөгжилтэй, хэцүүхэн байдалд орох боловч цайлган сэтгэлт Мягмар эс анзаарах бөлгөө. Нарны туяа цонхоор асгарах үест ярилцагч хоёр унтахаар болно. Өвгөн өөрийнхөө өрөө рүү ормогц Тайванаа ухасхийн босоод буйдан дээр унтаж байсан, будлианы эзэн Бүүвэйг унатал түлхэнэ. Учир нь өвгөний шөнөжин ярьсан ярианд Тайванаагын өнчин зүрх үнэн сэтгэлээсээ эмзэглэжээ.
Мягмарын туулж ирсэн амьдрал, одоо тохиолдоод буй бэрхшээл, хамгийн гол нь Тайванааг өөрийнх нь хүү мөн гэдэгт нэг ч хувь эргэлзэхгүйн дээр үнэн сэтгэлээсээ баярлан, хайрлаж байсан нь хоёрхон настайгаасаа асрамжийн газрын цонхон дээрээ зогсоод аав, ээж хоёрыгоо ирж буйг төсөөлөн харж суудаг байсан хөөрхий хүүгийн сэтгэлийг гүн ихээр хөнджээ. Бүүвэй ийм хэрэг тарьснаа мэдэх ч үгүй хээв нэг босоод, хоёул өвгөнд харагдчихалгүй сэмээрхэн гарахаар явтал өвгөн дэр барьсаар ороод ирнэ. Мягмар Тайванааг өөрт нь хэлэхгүй явах гэж байсанд гомдвол Тайванаа яагаад гэдгээ ч ухамсарлахгүйгээр би энд нэг өдөр үлдлээ гээд хэлчихдэг. Мэдээж охин дүү Одод нь санаатай байгаа Бүүвэй ч мөн үлдэх болно. Хөөрхий өвгөн өөрийг нь ямар гутамшиг угтаж буйг үл төсөөлөн бөөн хөөр баяр болно.
Од гэрээ цэвэрлэж байхад нь Тайванаа орж ирэн туслалцана. Тэдэн дээр Бүүвэй орж ирээд туслахыг хүсэх боловч залуучуудад ярих яриа байсан бололтой халгаасангүй ээ. Од бол бага наснаасаа эхдээ хаягдаж, аав дүү хоёроо хүний дор оруулчихгүй гэж гэрийн бүх ажлаа ганцаар хийхийн дээр дээл хунар оён амьдралдаа нэмэр болдог мундаг охин юм. Гэвч өөрийн ирээдүйг бодож үзсэн үү? эсхүл үнэхээр дурласан уу бүү мэд, нэгэн залуутай суух болчихсон байдаг. Бүр өнөө маргаашгүй хамт Улаанбаатар явах болчихсон шүү. Яг энэ үеэр Тайванаа тэдэн дээр буучихсан нь ёстой нэг “аз нь харьсан” гэдэг шиг л юм болно. Аятайхан царайтай залуу хөвгүүн Одын дурыг өөрийн эрхгүй татах боловч, миний ах шүү дээ гэсэн итгэмээргүй хүлээс, удахгүй гэрлэх баян сүйт залуугаа гомдоочих вий гэсэн журамт бодол хоёроос болоод ойртож чадахгүй боловч Тайванаагын өөр рүү нь тэмүүлж буй дүрэлзсэн сэтгэлийн өмнө аргагүй номхорч аман дээрээ ах дүү гэх гэнэн юмсыг яривч ацаг сэтгэлдээ нэгнээ мөрөөсөн ангах ажээ.
            Бурхан Тайванаа, Од хоёрын бантанг яая даа гээд толгойгоо гашилгаж байтал Мягмарын бага хүү Начин өөрөөсөө арван хоёр эгч эмэгтэйд дурлаад гэрээсээ явах дээрээ тулсан байдаг. Начин хэдий 17 настай боловч авгай авна гэж зүтгэсэнд хөөрхий буурал өвгөн хэцүү эрхлүүлсэндээ гомдовч хэлэх үггүй болоод бүгдийг нүдээ анин зөвшөөрвөл харин дурласан бүсгүй болох Дэлгэрмаа нь “Сүүлгүй гөлөг минь, сүүлээ ургахаар гүйгээд ирээрэй” гээд халгаасангүй нь Начингийн онгон зүрхийг шархлуулж, энэ гэрээс үүрд явуулах хүндхэн шийдвэрийг гаргахад хүргэжээ. Ийм нэгэн гэр бүлд өөрийн мэдэлгүй орж ирсэн Тайванаа тэдний хувийн асуудалд том хүүгийн хувиар эрхгүй оролцох болно. Начинг гэртээ үлдэхийг ятгахын завсар Мягмарт сайн хүү болж харагдахыг чадах чинээгээрээ хичээнэ. Харин Одын тухайд тэр хэрхэн боддогоо ч мэдэхгүй байна. Аман дээрээ аавыгаа бодоод гэртээ үлдээч гэж хэлэх боловч ачир дээрээ өөрийгөө бодоод ч байгаа юм шиг түүнд санагдах ажээ.
            Оройхон хирд өвгөн ажлаасаа ирснээр өөрсдийнх нь хэлдгээр галзуучуудын байшинд шинэ жүжиг тавигдах нь тэр. Одын найз залуу Бямбаа тэдний гэрт айлчилж өвгөнтэй буюу хадам аавтайгаа танилцахыг хүснэ. Даанч түүний хэнэггүй, өөрөөсөө бусдыг үл тоодог гайтай зангийнх нь балгаар гэр дүүрэн хэрүүл дэгдэх нь тэр. Тайванаа Одыг харамлах сэтгэлдээ дүрэлзэн байтал Бямбаа Мягмарыг басамжлан харьцаж, дайран дээр давс нэмээд гэр дүүрэн хэрүүл болно. Ингээд хөөрхий Бямбаа хадам аавынхаасаа бүтэл муутайхан гарч явтал Начин зөрөөд “шатаачихлаа” гэсээр орж ирнэ. Тэрээр явахаасаа өмнө өөрийг нь тэсэхүйеэ бэрх доромжилсон Дэлгэрмаагаас өшөө хорслоо авахын тулд гэртээ нэгэн эрхэмтэй хамт зугаацаж байхад нь шатаажээ. Хамгийн хачирхалтай нь Дэлгэрмаатай зугаацаж байсан этгээд нь Бүүвэй байх аж. Бүүвэйг ийм хуншгүй зан гаргасанд Тайванаа уурлан Мягмарын гэрээс хөөнө. Бүүвэй тийм ч амархан мөчөөгөө өгөх эр биш гэдгийг та хэдий товчлол уншиж байгаа ч гэсэн ойлгосон байх. Тэрээр гарч явахдаа Мягмар өвгөн, хийгээд Одод Тайванаагийн үнэн нүүр царайг илчилж өгдөг. Өвгөн үл үнэмших боловчиг Од харин үнэмшжээ. Өвгөн Од, Начин хоёрт уурлан гэрээсээ явж хамгийн хайртай хүү болох Тайванаатай хамт амьдрахаар хувцас хунараа цуглуулж байх зуур Одод Тайванаа бүх үнэнээ хэлнэ. Хэдий өөрийг нь гашуун хуурсан ч дотор сэтгэлдээ миний ах биш байсан болоосой гэж хүсэж байсан хүсэл нь биелсэнд Од тэрхүү мэдээг төдийлөн аймшигтай хүлээж авдаггүй. Харин өвгөний тухайд бараг л галзуурах дөхнө. Нэгхэн хоногийн дотор өөрийнх нь хамгийн дотно хүн болж чадсан Тайванаа... тэр өөрийг нь төсөөлшгүй муухайгаар гомдоожээ. Өвгөн Тайванаа... Начин... Од нарын хэнийг нь ч харахыг үл хүсэн хөөн явуулаад ундуй сундуй өрөөнөө цөхөрсөн байдалтай, толгойгоо унжуулан ганцаар үлдэнэ.
            Хэдий хугацаа өнгөрсөн юм бэ бүү мэд ядруу өвгөн мөнөөхөн өрөөнөө ганцаар бөгтгөнөн байна. Тэрээр хүч чадал, эр зоригийг нь авч одсон цаг хугацааг хараасаар байх аж. Хүүхдүүдээ дурсан ярих нь их л гунигтай бөгөөд, ач мэдэхгүй амьтдыг өсгөсөндөө харамсан байна. Тэр гэхдээ Тайванааг өөрийн хүүхэд биш гэдгийг мэдсээр байж, хайрлаж гомдсоор байгаа нь даанч өрөвдөлтэй. Гэтэл охин Од нь гэнэт орж ирнэ. Тэр хоёр уйлан, сэтгэл зүрхнийхээ үгсийг уудлан байтал Од нөхөртэйгээ ирснээ хэлнэ.
Мягмар-Бямбаа юу?... Гэтэл хэн байсан гэж санана. Тэр бол Тайванаа. Тайванаа орж ирээд сайхан сэтгэлт өвгөнөөс “би тэгээд таны хүү биш гэж үү” хэмээн асууна. Амьдрал дандаа ийм байдаг болоосой гэж хүсмээр чин сэтгэлийн харилцан яриануудаар жүжиг өндөрлөнө. Учир нь хүн бүхэн ахан дүүс юм.  
Төгсөв.

8 comments:

  1. Зиаг үзэж амжаагүй хүмүүс "Баясаа, Маясаа" гээд энэ товчлолыг уншина биз.

    ReplyDelete
  2. хахаха... надад оногдож байгаа хэсэг нь ердөө л энэ үү тээ?

    ReplyDelete
  3. Үймээний эзэн нь Бүүвэй гэдэг нэртэй байгаа нь энэ жүжгийн чинь утга санааг илүү тодотгож өгсүү... хэхэхэ

    ReplyDelete
  4. Хэхэ. Бүүвэй ч миний олон бүтээлийн гол дүр болж байгаадаа. Сонирхолтой, хөгжилтэй болгоод байдаг юм хэхэ.

    ReplyDelete
  5. оросын Александра Вампиловагийн жүжгээр хийсэн кононы монгол хувилбар юм биз дээ

    ReplyDelete
  6. Бишээ. Вампилов Александр Валентиновичийн жүжгийг нь монголчилсон ухаантай юм байгаам.

    ReplyDelete
  7. Uu zozoz. Mundag saihan mongolchilson baina aa...

    ReplyDelete