Thursday, November 10, 2011

ТЭР ХҮН ЭНЭ ХҮНИЙ ТУХАЙ ИНГЭЖ БИЧЖЭЭ

 

\Эртээ дээр үед юмсан. 2010 он дуусаж байлуудаа. Ямартай ч одоогоос их эрт үед миний анд Сарлаг найзынхаа номонд зориулж ийм үг бичиж өгч байж билээ. Хэдийгээр цаг тухайдаа хэвлэлийн газар очоод миний номонд орж амжаагүй ч гэсэн блог дээр минь заавал байх учиртай билээ. Тиймээс би Элбэгээдээ баярлалаа гэж хэлэхийн сацуу хэдэн шинэ шүлэгтэйгээ тавилаа. Тэр хүн Энэ хүнийг ингэж бичжээ.\
Завгүй хүний шүлгүүд

Тэр огт завгүй хүн. Хаа нэг тийшээ яарсан мэт түргэн түргэн алхаа, тэр л хэмнэл дунд нь түүний яруу найраг бүтэж бүрэлддэг гэлтэй алхаатай нь дэндүү адилхан шүлгүүдийг сэтгэл догдлон уншиж суухын зэрэгцээ өнгөрсөн үеэ хэсэг дурслаа.
            Жаргалсайхны Оргил хэмээх залуутай танилцсан намрын тэр нэгэн өдөр ёстой “өдөр шиг өдөр” байсан юм. Өөрөөсөө бусдыг үгүйсгэдэг зантай надад биллъярдны ширээн дээр хэлсэн тэр л үгс “томоохон” шүүмж болж, түүнээс хойш дөрвөн намар улирсан ч анх төрсөн сэтгэгдэл минь урьдын адил хүчтэй байгаа нь гайхмаар шүү. Ж.Оргилтой холбоотой дурсамж бүхэн минь гэгээн сайхан агаад яруу найргийг энгийн болоод эмх цэгцтэй, товчхон хэрнээ тодорхой бичихийг түүнээс нэгэн үе, магадгүй өнөө хүртэл суралцсаар явна.
            Өөрт таалагдаагүй аливаа зүйлийг тэр нулимж хаяад тухайн зүйлийнхээ талаар дахин дурсахыг ч хүсдэггүй. Энэ нь түүний амьдрал болоод уран зохиолд хандах хандлага юм. Нэг үгээр хэлэхэд эрс шулуухан энэ зангаасаа болоод үеийн зарим шүлэгчдээс биеэ тоосон гэх тодотгол авч, олиггүй зарим нэгэнтэй нудàрга зөрүүлэх хэрэг ч гарна.

Хааяа гэрт нь очиход хүн болгон анзаардаггүй (анзаарах ч албагүй) хэзээний найрсаг зангаараа  угтан авч, өнөөх завгүй хүн маань хамаг ертөнцийн хачин сониноос хамж аваад л ярина. Тэгж ярилцаж суухдаа “магадгүй” зарим нэг шүлгийн санаагаа олж авдаг байх. Хэн нэгэнтэй ярилцаж суухдаа ч бодолдоо нэгийн боловсруулж, хоёрыг тунгаан суудаг мань завгүй хүн МУИС-ийн утга зохиолын дугуйлангийн нэгэн үеийн манлайлал болсон бүсгүйтэй ханилан сууж, үрийн зулай үнэрлэсэн эр.
Түүний шүлгүүдэд орших яаруу түргэн хэмнэл, ганцхан агшинаа гэрэлтээд өнгөрөх давтагдаагүй шинэхэн хэрнээ танил дотно мөрүүд...тэр тусмаа намрын тухай санаашрал, эрэгцүүлэл, халамжит хань, хайртай охин хоёртоо зориулсан сэтгэлийн өчил зэргээс та яруу найрагчийн дотоод сэтгэлийг таньж ойлгох байх.
Оргил Хөвсгөл аймгийн Түнэл сумын хүү. Тэр ч утгаараа байгальтай илүү ойр дотно байж байгалийн дуу чимээ, давтагдашгүй өнгө аяс шүлгээс нь нэвт гэрэлтэж, яруу найрагчийн уужим сэтгэл, уугуул мэдрэмжтэй хосолж, эдгээр сайхан шүлгүүдийг бичсэн нь ойлгомжтой.
Тэрээр эрэл хайгуулч яруу найрагч. Хүмүүний мөн чанар /өөрийн дотоодыг нээн бичих/ байгалийг шинээр нээх гэсэн түүний хүсэл зорилго чухам энэ л номонд анх түрүүн биеллээ олж байна. Түүний хичнээн олон сайхан номыг бид сэтгэл догдлон унших бол...

       “Хөх мэдрэхүй”-н Өөлд Ороолонгийн ЭЛБЭГТӨГС



ҮД ДУНД

Нарны туяа нимгэн үүлсийг урнаар цоолборлохуй...
Цэцгийн дэлбээгээр бороо орох шиг санагдана.

Намрын тухай бичсэн уйт шүлгүүдээ бодохоор
Амар амгалангийн үүдийг тогшиж чадахгүй зогсоно!
                                   2011.10.22 нд УБ хот.


...ШИГ...

Бүүр багад минь орж байсан бороо өнөөдөр ахин орох шиг...
Бөглүүхэн  сууриндаа  хэзээний  оччихсон  юм  шиг...
Гал тогооныхоо цонхоор Түнэлийн тагаа ширтэх шиг...
Ганцаардал гэдэг мэдрэмжийг анх амсаж байсан үе шиг..!
2011 оны 8 дугаар сар 30
АЛЬ ЭРТНИЙ ДУУН

Чи бид хоёр голын хоёр эргээс түгэх
хуучны гунигт дуу мэт байнам.
Дуулсан  хүн  нь  хүртэл  өөрөө
            сэлүүрээ түшин бодлогширмоор...

Зэрэгцэн  суусан  хирнээ
зэрэглээ шиг хоосон санагдах чи!
Тэмтрүүлэхийг хүссэн өврөө
тэвэртээ хураах нь хачирхалтай...

Харанхуй шөнийн гэгээ болж
            хаа нэгтэй вааглах мэлхийн
Хайр дурлалын тухай ойлголтыг эвдэн
            босоод явчихаж чадахгүй бид..!

Дуулсан хүн нь хүртэл өөрөө
            сэлүүрээ түшээд бодлогширмоор...
Голын хоёр эргээс түгээд нэгэндээ
хүрэлгүй замхарах дуу мэт байнам.
                             2011.10.28 нд УБ хот


ОРИЛООН

Тэнэг юм шиг тэнгэр хүртэл дүнсийгээд...
Тэргэнцэртэй залуу амиа хорлох тухай мөрөөдөөд...
Яах гээд байгаа нь мэдэгдэхгүй энэ амьдралд
Яруу найрагч байх нь илүүдсэн ч юм шиг санагдаад..,

Хашгирмаар, хажуугаар зөрөх хүнийг цохиод авмаар
Хачин жигтэй ийм үест хаачихаа хэн ч мэдэхгүй...
Урт цагааны доод давхарын жижигхэн кафегаас л
Үдийн цай олж уухаас өөр санаа байхгүй...

Бишээ..,  биш.  Энэ  яав ч амьдрал  биш.
Бид  ингэж  явах  гэж  төрөөгүй,  мөрийцье!
Хаана ч юм бэ нэг газар чамайг хүлээж байгаа
Хутганы ир  хэлээд  өгнө.  Энэ л лав  амьдрал  биш.
 2011.11.03нд УБ хот
НАМУУН

Сая орсон борооны үнэр
Салуй улиасны мөчрөөс дүүжигнэж,
Салхинд сэрчигнэх
Санаашрал эрвээх нь намуун...

Уй бүгтэрсэн урт шөнө
Уйлсан тэнгэр халтар шөнө
Урд хөршийн яндангаас
Унасан очис намуун...

Хив харанхуйн гэгээ болж
Хаа нэгтэй хуцах нохойн
Хэлэхийг нь зөвшөөрөх шиг аниргүй...
Түнэлийн суурин намуун!
          2011.11.11нд УБ хот



Хамгын фантазитай нь яг энэ бичлэгийг оруулж байх үест Сарлаг надруу залгалаа. Тэр хотод иржээ.

9 comments:

  1. Зурагт ач холбогдол өгөх хэрэггүй шүү. Элбэг бид хоёрын зураг байхгүйн дээо Б.Лхагвасүрэн гуайн зураг зүгээр л гоё болхоор нь оруулчихсан юм.

    ReplyDelete
  2. Өөрийг нь магтсан юмыг өөрөө тавиад л байгаа юм шиг харагдаж магадгүй. Тэгвэл "тийм" яадаг юм.

    ReplyDelete
  3. Энэ чинь өмнөтгөл биш мэдээ байна ш дээ. Манай Элбэг ч аргагүй л сэтгүүлчийн дипломтой хүн шиг бичсэн байх шив дээ.

    ReplyDelete
  4. Түүний хичнээн олон сайхан номыг бид сэтгэл догдлон унших бол...

    ReplyDelete
  5. баясаатай санал нэг байна хэ хэ

    ReplyDelete
  6. Мэдээ нь ч мэдээ биз өмнөтгөл нь өмнөтгөл биз.Нэдэр дээрээ нэг юм.яруу найраг юм яруу найрагч юм манай Оргил түүнээс их юм гарна гэдэгт би итгэдэг.

    ReplyDelete
  7. Андын үгийг
    ахин дахин уншихад
    амттай...

    ReplyDelete
  8. Та нар тэгж л бай. Удахгүй нэг гоё бичлэг оруулнаа.

    ReplyDelete