Sunday, November 14, 2010

ОДОД БОРОО ШИГ БАЙХАД

        
































































       За юутай байцгаана даа? Хэд хоногийн өмнө шинэ номоо өлгийдөж авлаа. Тэр тухайгаа нэг бичлэг оруулчихъя гэж бодсон ч хүүхдээ харах гэж хүнд ажилд дарагдчихаад юун тэр манатай. Өнөөдөр унтаж байгааг нь далимдуулаад хэдэн үг, шүлэг оруулахаар сэм ажиллав. Миний анхны ном “Саранд үүрлэсэн шувуу” 2008 онд гарснаас хойш хоёр жил өнгөрсөн байна. Энэ хугацаанд хаяа нэг шүлэг бичсээр байтал нэг мэдэхнээ номны шүлгэнд хүрчихэж. За тэгээд л нэгэнт номны эх бэлэн болчихооор чинь сэтгэл гэгэлзээд л эхэлнэ биз дээ. “Номоо гарганаа” гээд л олон амьтанд томроод яваад байтал нэг өдөр ангийн андтайгаа халамцаж суугаад ном гаргах хөрөнгө санхүүгийнхээ асуудлыг шийдчихдэг юм байна. Бөөн баяр гэртээ шуугиж ирээд л хэд хоног шууд сууна биз дээ. Шүлгүүдийн минь алдаа оноог тунгаахад олон хүн оролцсоон. Би тэдэнд талархаад барахгүй байгаа. Тэр тусмаа хэвлэн гаргахаас эхлээд хэв маягийг нь шийдэхэд надаас илүү хувь нэмэр оруулсан эхнэртээ ХАЙРТАЙ гээд хэлье.
        Харин шүлгийнхээ тухайд өгүүлэхэд шүлгүүд минь анхны номтойгоо зэрэгцүүлээд харахад овоо тэгширсэн байгаа байх гэж бодно. Ер нь хүмүүс миний шүлгийг уншаад хоёр зүйл хэлэх гээд байдаг юм. Нэгдүгээрт чиний зарим шүлгүүд хоорондоо төстэй болжээ. Өөрийгөө давтаад байна уу даа? -Өөрийгөө өмөөрөх минь гол биш ээ. Нэг цаг үед бичигдсэн, нэг хүнээс гарч буй шүлгүүд адилхан байх нь хууль шүү дээ.. Тэгээд ч бусдыг давтсан биш өөрийгөө л давтаа биз дээ. Энэ дээр би элдэв юм боддоггүй. Хоёрдугаарт шүлгүүдээс чинь жаал хар бараан зүйл анзаарагдаад байх юм. Хар юм бичих дэмий биш үү? – Энэ тухайд бол арай өөрөө. Санаагаар болдог бол хүний амьдралын сайн сайхныг дуулахсан. Даанч болдоггүй юм билээ. Ер нь хүнд юу хүчтэй сэтгэгдэл үлдээнэ түүнийгээ л бичвэл илүү үр дүнтэй байдаг. Гэхдээ шүлгүүд минь уншигчаа дарамтанд оруулахгүй ээ. Жаахан гуниглуулах л байх.

       Эцэст нь өгүүлэхэд энэ номоо би хайрт аав Равдангийн Жаргалсайхан, ээж Доржрэгзэдийн Отгонбаяр нартаа зориулан гаргалаа. Тэд минь л баярлаг дээ...

 .
Шөнө дунд сэрвэл...

                                    Охин минь инээгээд л...
                                           тайван, аз жаргалтай!
                                                    S.S

Шөнө дунд сэрвэл...
Одод бороо шиг байхад сэрвэл...
Сэрүүлэгтэй цаг дэрний минь дэргэд
Дуг нойрондоо байхад сэрвэл...
Шөнө дунд сэрвэл...
Сарны цаад руу өвсөс хийсч байхад сэрвэл...
Эмх замбраагүй гудамжууд
         Хачин жигдхэнээр амьсгалж байхад сэрвэл...
Ээжийнхээ хэвлийд үр минь дэлхийн төв адил байхад сэрвэл...
Шөнө дунд,
Шөнө дунд сэрвэл...
Гудамжны үзүүр дэх өнчин гэрэл
        Ганц эрвээхэйг мөрөөдөх шиг,
                Ганц бүсгүй уйтгарлан зогсохыг төсөөлөх шиг
Ганхахад сэрвэл...
Гэрийн минь гадаа адуу тургилах шиг болоход сэрвэл...
Гүүр, талбайд дүнсийгээд
        Яг одоо л цас орчих гэж байгаа мэтэд сэрвэл...
Гэрлэн дохионууд сүйх тэрэг хүлээж цөхөөд
        Зовхио даан ядаж анивчлахад сэрвэл...
Шөнө дунд сэрвэл...
Харанхуй тэнгэрт долгис татуулж
       Хаа нэгтэйд ноход хуцахад сэрвэл...
Хүүгээ санахдаа ижий минь аавд улам шигдэхэд сэрвэл...
Хөөрхий моддоо эмзэглүүлэхгүй гэхдээ навчис
       Харанхуйг далимдуулан одоцгооход сэрвэл...
Хоосон лонхонд ус дүүрээд ирэх мэт
       Хаашаа ч юм бэ гуниг төрөхөд сэрвэл...
Хорвоо өөрөө зөөлхөн санаа алдахад сэрвэл...
Шөнө дунд сэрвэл...
Шөнө дунд сэрвэл...
Зүүдэн доторх зүүдэнд эмээ минь ирээд
Зүрхэн дээр мутраа талбингаа
-Амьдар гэж хэлэхэд
Зүс гэгээн хөвүүн зөрөн өнгөрөх шиг
Тэгээд би сэрчихвэл
Шүлгээ л... бичнэ!
                                           2010.04.30 УБ хот


Зуны шөнө

Цонхны минь гэрэлд хоёр эрвээхэй
Чи бидэн шиг
         Холдож ч чадахгүй, ойртож ч чадахгүй нисэлдэнэ.
                                              2009.05.13 УБ хот


Мөчир

Чиний хүзүүнд хүрч алдрах нэгэн мөчир чичирч байгааг
Чагна даа. Тэр хөлөрчихөөд хөдөлж ч чадахгүй
Хүнийх юм шиг бие нь хүчрэгдэхгүй, хөөрхийлөлтэй!
Чагна даа. Уринбайн халуунд чинь тарчлахыг, угнаасаа
Үзүүр хүртэлх эс бүхнээ мэдрэхийг, хүрч тэвчихгүй, хөдөлж ч
Чадахгүйдээ шаралхахыг, хоолой нь зангирахыг, хүчлэн инээхийг
Чагна даа. (Шоолох хэрэггүй ээ). Ганцхан л чагначих
Солиортол дурласан мөчрийг үзэн ядталаа өрөвдөх вий чи!
                                                2009.09.30 УБ хот


                    Надад бэлтгэсэн авсан дээр янаглах хос л
                    Нартад хорогдох сэтгэлийг минь ойлгоно!

Чиний бие аль болох, миний бие аль болохыг
          Ялгахгүй болчихдог
Хөлстэй, хөл орооцолдсон шөнүүдээ дурсаж хэвтэнэ.

Би өөрөө мэдэлгүй зайг тань
          Хажуудаа үлдээж унтдаг.
Битгий зэмлээрэй, мартана гэчихээд амласандаа хүрсэнгүйг!

Ердөө л хулчгар гэдгээ мэдэхийн тулд чамтай учирснаа
          Одоо ухаарсан минь нэгэнт оройтож,
Ертөнцийн зүг бүрээс чиний л инээд цуурайтна.

-Үүрд ... гэж хэлэхэд чинь төрсөн гашуун мэдрэмж
          Өнөөдөр миний юм бүхэн болсон байна.
Өөрийгөө буруутгахаас андуу нь надад үгүй ээ...

Хамтдаа асан хором бүрээ ганцаар дурсах шиг
Харамсмаар юм амьдралд үгүй ажээ...
                                                             Хонгор минь!
                                                 2010.05 УБ хот


Удах тусмаа улам амттай болох дурдатгал
Уй гунигийн хөлгүй тэнгис минь..,
Эрэг дээр чинь хэдий удаан зогсоно, төдий чинээ давалгаалах
Эмзэг минь, эзэмшил минь!

Хөвөөн дээрээс чинь шүлэг шүүрдэн суухнээ
Хүмүүсээс хол юутай амгалан,
Хүрсэн газар дээрээсээ хүрэх алсаа ширтээд л
Хүүхэд насаа хичнээн л бол хичнээн эрхлүүлэх..,

Залуу насны оргилуун хүсэл, гэгээн гунилаас чи бүтсэн
Зах хязгаар, туйлдал гэж чамд үгүй ээ..,
Зам хөндлөн гарахдаа ч
            мөрөөдөж явдаг байсныг минь бусдад хэлэх гэж
Зуу зуун жил амьдраарай чи минь!
                                             2010.04.20 УБ хот

17 comments:

  1. Баяр хүргэе найзаа... Уран бүтээлийн өндөр амжилт хүсэн ерөөе...
    Ц.Гончиг

    ReplyDelete
  2. Баярлалаа анд. Орж гарч байгаарай

    ReplyDelete
  3. Ахдаа амжилт хүсье.

    ReplyDelete
  4. За 2 дахь номоо гаргасанд баяр хүргье. Гар дээрээ тавиад уншиж суухыг тэсэн ядан хүлээж байна. Би гуниглах дуртай, тэр тусмаа таны шүлгүүдийг уншаад гуниглаж суух ч...

    ReplyDelete
  5. Баярлалаа хө. Тэгж байгаад нэг уулзаад авчихгүй юу.

    ReplyDelete
  6. ih saihan nom bolson bnlee..
    nomoo dunguj hewlelees awaad baihad ni taarsandaa.. harin ch... hehehe

    ReplyDelete
  7. ulam-orgih terguutei heden duu nar nom tosoj avsand bilegsheej bga shu.

    ReplyDelete
  8. saihan nom bolson bna ,
    duudee amjilt huseye.
    Ah ni duugiihee daraachiin garah urgeljilsen ugiin zohioliig chin huleej bgaa shuu

    ReplyDelete
  9. баярлалаа хө. удаахгүй гарганаа

    ReplyDelete
  10. Ишшшшш, муу найз минь. Ийм л хариуцлагагүй хүн дээ... Нэг блог нээчихээд юм бичилгүй жил болчихсон байна шүү дээ.

    ReplyDelete
  11. би ч мөн алж өгч байнаа. тун удахгүй, бүр өнөө маргаашгүй нэг бичлэг оруулнаа. уг нь оруулвал зөндөө л юм байгаа л даа. даан ч нэтгүй байснаас хамаг хэрэг боллоо. хэхэ.

    ReplyDelete