Wednesday, November 23, 2011

МИНИЙ НУУЦ ХҮҮ

Ойрд ажил ихтэй. Бичлэг оруулж чадахгүй л байна. Залуу хүнд мөнгө чухал биш гэх боловч залуу гэр бүлд бол чухал юм. Хэдэн киноны захиалгатай, нам сууж байнаа. Саяхан бичсэн жүжгийнхээ тухай ч бичлэг оруулах зав гарахгүй юм.  Харин нэг ярилцлага өгөөд амжчихсан шүү. Түүнийгээ тавьчихъя. Ганц нэг хүн тэр жүжгийг энэ нөхөр бичжээ гэдгийг мэдвэл сайн санагдаад..! гэхдээ миний цэвэр уран бүтээл биш шүү. За доорхи хөөрөлдөөнийг уншихад ойлгогдох биз дээ. Ямартай ч надад асар том туршлага болсон бүтээл байлаа. Агуу Вампилов оо гэж...
  
Ж.Оргил: Энэ миний бичихийг хүсч байсан зохиол байсан
  

“Мөрөөдлийн театр”-ын анхны уран бүтээл “Миний нууц хүү” жүжиг СТӨ-нд тоглогдож байгаа билээ. Тэгвэл энэ жүжгийн зохиолыг шинэчлэн найруулсан зохиолч, яруу найрагч Ж.Оргилтой цөөн хором ярилцлаа. Тэрбээр “Амьдралд тавтай морил” киноны зохиолыг бичсэн билээ.
-“Миний нууц хүү” зохиолыг хэрхэн бичсэн бэ. Сонирхол татаад байгаа юм?
-Үнэхээр  сонирхолтой юм болсон.  Би утсаа хаячихаад хэд хоног орчлонгоос тасарчихсан  явж байгаад нэг утас аваад дөнгөж асаатал Эрхэмээ /жүжигчин Эрхэмбаяр/  залгаж байна. Тэгээд “Чи хүрээд ир. Нэг уулзаан байна”  гэсэн.  Яваад очтол жүжиг бичих үү гэж  байна.  Хамгын гол нь Эрхэмээ над руу нэг л удаа залгахад нь би утсаа асааж таарсан байгаа юм. Тэгээд болоогүй найруулагч, үндсэн зохиол гээд бүх л юм нь яг над шиг маш амархан шийдэгдсэн байгаа юм. Ер нь би тэр үед яагаад ч юм жүжиг бичмээр санагдаад нэг зохиол  эхлүүлээд, судалгаа маягтай юм хийгээд байж байсан. Тэгтэл бэлээхэн жүжиг бичих   санал, жүжигтэйгээ ороод ирхээр шууд л зөвшөөрнө биз дээ.  


Thursday, November 10, 2011

ТЭР ХҮН ЭНЭ ХҮНИЙ ТУХАЙ ИНГЭЖ БИЧЖЭЭ

 

\Эртээ дээр үед юмсан. 2010 он дуусаж байлуудаа. Ямартай ч одоогоос их эрт үед миний анд Сарлаг найзынхаа номонд зориулж ийм үг бичиж өгч байж билээ. Хэдийгээр цаг тухайдаа хэвлэлийн газар очоод миний номонд орж амжаагүй ч гэсэн блог дээр минь заавал байх учиртай билээ. Тиймээс би Элбэгээдээ баярлалаа гэж хэлэхийн сацуу хэдэн шинэ шүлэгтэйгээ тавилаа. Тэр хүн Энэ хүнийг ингэж бичжээ.\
Завгүй хүний шүлгүүд

Тэр огт завгүй хүн. Хаа нэг тийшээ яарсан мэт түргэн түргэн алхаа, тэр л хэмнэл дунд нь түүний яруу найраг бүтэж бүрэлддэг гэлтэй алхаатай нь дэндүү адилхан шүлгүүдийг сэтгэл догдлон уншиж суухын зэрэгцээ өнгөрсөн үеэ хэсэг дурслаа.
            Жаргалсайхны Оргил хэмээх залуутай танилцсан намрын тэр нэгэн өдөр ёстой “өдөр шиг өдөр” байсан юм. Өөрөөсөө бусдыг үгүйсгэдэг зантай надад биллъярдны ширээн дээр хэлсэн тэр л үгс “томоохон” шүүмж болж, түүнээс хойш дөрвөн намар улирсан ч анх төрсөн сэтгэгдэл минь урьдын адил хүчтэй байгаа нь гайхмаар шүү. Ж.Оргилтой холбоотой дурсамж бүхэн минь гэгээн сайхан агаад яруу найргийг энгийн болоод эмх цэгцтэй, товчхон хэрнээ тодорхой бичихийг түүнээс нэгэн үе, магадгүй өнөө хүртэл суралцсаар явна.
            Өөрт таалагдаагүй аливаа зүйлийг тэр нулимж хаяад тухайн зүйлийнхээ талаар дахин дурсахыг ч хүсдэггүй. Энэ нь түүний амьдрал болоод уран зохиолд хандах хандлага юм. Нэг үгээр хэлэхэд эрс шулуухан энэ зангаасаа болоод үеийн зарим шүлэгчдээс биеэ тоосон гэх тодотгол авч, олиггүй зарим нэгэнтэй нудàрга зөрүүлэх хэрэг ч гарна.

Wednesday, November 2, 2011

АМЬДРАЛД ТАВТАЙ МОРИЛ БУЮУ ҮҮЛГҮЙ ЗУНЫ ФАНТАЗИ


Сайн байна уу? бичлэг нэмэгддэггүй блог минь. За ингэж нэг чам дээрээ хэдэн мөр тавьдаг байжээ.
-Тавих ий? Ямар муухай юм ярьдаг юм бэ?
-Юу нь муухай байгаа юм?
-Тэгэлгүй яадаг юм. Тавих гэдэг чинь нөгөө “оон оон” гэсний дараах явдал биз дээ.
-Ээ чи ямар муухай юм боддог юм. Энэний бодож байгааг хардаа. Ха ха. \үүнийг бичигч өөрөө инээв\. За нэг иймэрхүү маягаар миний нэгэн зун өнгөрсөн дөө. Уншигч та саяны хэсэгт юу болоод өнгөрчихвөө гээд жаахан гайхаж байгаа байх л даа. Энэ бол “Амьдралд тавтай морил” хэмээх киноны текстээс санаа авсан миний бяцхан хошигнол байлаа. Эднийг үл ойшоон нэгэн зүйл өгүүлэхэд миний бие саяхан МҮОНРТ-ээр гараад дууссан “Амьдралд тавтай морил” наян ангит инээдмийн уран сайхны киноны зохиолыг бичсэн юм. Ай даа бас л том ажил байсан шүү. Хуудасных нь тоогоор авч үзвэл нэлээд зузаан романы дайтай болсон гээд бодохоор... нэг сайхан санаа алдмаар болоод явчих юм. Хэрвээ бүр эхний ангиас нь бичсэн бол миний муу Аcer-ийн харданд багтахгүй юм болохгүй юу хэхэ. Гучин долдугаар ангиас нь эхлэн бичсэн. Нэг өдөр гэртээ хайрт удирдлагаа тэврээд хэвтэж байтал утас хангинав. Бараг дуугардаггүй миний муу 33 10 баярласан шинжтэй гонгиноод байнаа. Би ч бөөн сандарсан амьтан ум хумгүй утсаа шүүрэн аваад “байна уу?” гэтэл урдаас “байна” гэж байна. Би ч “хэн бэ?” гэтэл ...ээ бүү үзэгд. Том амьтан байна шүү. Элдэв бусын юм бодоод л явчихлаа. Юу билээ. Ойрд архи дарс уугаад хүн амьтан рекетэлсэн явдал байхгүй дээ. Яалаа ийлээ гэтэл харин нөгөө нөхөр маань “Оргилоо чи амьдралд тавтай морил” гээд олон ангит киноны зохиолыг бичих үү гэж байна. Ёо ёо. Аймар аймар юм бодож байсан хүн чинь амь гарсандаа баярлаад шууд л уухайн тас “за” гэдэг юм байгаа биз дээ. Ингээд л энэ бүх түүх эхэлсэндээ.

Sunday, November 14, 2010

ОДОД БОРОО ШИГ БАЙХАД

        
































































       За юутай байцгаана даа? Хэд хоногийн өмнө шинэ номоо өлгийдөж авлаа. Тэр тухайгаа нэг бичлэг оруулчихъя гэж бодсон ч хүүхдээ харах гэж хүнд ажилд дарагдчихаад юун тэр манатай. Өнөөдөр унтаж байгааг нь далимдуулаад хэдэн үг, шүлэг оруулахаар сэм ажиллав. Миний анхны ном “Саранд үүрлэсэн шувуу” 2008 онд гарснаас хойш хоёр жил өнгөрсөн байна. Энэ хугацаанд хаяа нэг шүлэг бичсээр байтал нэг мэдэхнээ номны шүлгэнд хүрчихэж. За тэгээд л нэгэнт номны эх бэлэн болчихооор чинь сэтгэл гэгэлзээд л эхэлнэ биз дээ. “Номоо гарганаа” гээд л олон амьтанд томроод яваад байтал нэг өдөр ангийн андтайгаа халамцаж суугаад ном гаргах хөрөнгө санхүүгийнхээ асуудлыг шийдчихдэг юм байна. Бөөн баяр гэртээ шуугиж ирээд л хэд хоног шууд сууна биз дээ. Шүлгүүдийн минь алдаа оноог тунгаахад олон хүн оролцсоон. Би тэдэнд талархаад барахгүй байгаа. Тэр тусмаа хэвлэн гаргахаас эхлээд хэв маягийг нь шийдэхэд надаас илүү хувь нэмэр оруулсан эхнэртээ ХАЙРТАЙ гээд хэлье.
        Харин шүлгийнхээ тухайд өгүүлэхэд шүлгүүд минь анхны номтойгоо зэрэгцүүлээд харахад овоо тэгширсэн байгаа байх гэж бодно. Ер нь хүмүүс миний шүлгийг уншаад хоёр зүйл хэлэх гээд байдаг юм. Нэгдүгээрт чиний зарим шүлгүүд хоорондоо төстэй болжээ. Өөрийгөө давтаад байна уу даа? -Өөрийгөө өмөөрөх минь гол биш ээ. Нэг цаг үед бичигдсэн, нэг хүнээс гарч буй шүлгүүд адилхан байх нь хууль шүү дээ.. Тэгээд ч бусдыг давтсан биш өөрийгөө л давтаа биз дээ. Энэ дээр би элдэв юм боддоггүй. Хоёрдугаарт шүлгүүдээс чинь жаал хар бараан зүйл анзаарагдаад байх юм. Хар юм бичих дэмий биш үү? – Энэ тухайд бол арай өөрөө. Санаагаар болдог бол хүний амьдралын сайн сайхныг дуулахсан. Даанч болдоггүй юм билээ. Ер нь хүнд юу хүчтэй сэтгэгдэл үлдээнэ түүнийгээ л бичвэл илүү үр дүнтэй байдаг. Гэхдээ шүлгүүд минь уншигчаа дарамтанд оруулахгүй ээ. Жаахан гуниглуулах л байх.

Friday, November 12, 2010

ЯРИЛЦЬЯ АНДУУДАА..!

          Юуны урьдаар гарыг тань дотноор атгаад “Амар байна уу?” хэмээн мэндэлье. Миний анхны бичлэгийг уншиж байгаад тань чин сэтгэлээсээ талархаж байна. Өмнө нь би банжиг нээт дээр нэг блог хөтлөж байсан боловч Сайт нь хөгийн санагдаад байхаар нь хаачихсан юм. Одоо харин блогспотыг олоод бөөн баяр болж, ядмаг хүрээнээс гарч, шинэ хүмүүстэй танилцан, санаа бодлоо бусадтай хуваалцах тэр боломжийг дахин хүсэж байна.
          Одоогоор яг юуны тухай бичихээ шийдээгүй л байна. Гудамжаар явж байхад толгойд эргэлдээд байдаг хэрэгтэй, хэрэггүй бодлууд, эсхүл шүлгүүдээ, бүр мөрөөдлөө... ер юу ч бичиж магад. Гагцхүү блог дээр тавигдсан бичлэгүүд маань миний бөндгөрөөс гарсан байх, хэн нэгэн бичсэн байлаа ч ядаж доор нь өөрийн зүгээс тайлбар хийх гэсэн шаардлагыг өөртөө тавиад байгаа. Энэ нь нэг талаар өөрийгөө хөгжүүлэх гэсэн ядмаг санаа минь боловч нөгөөтэйгүүр бусадтай үзэл бодлоо тогтмол хуваалцахыг хүссэнийх юм.
          Би мундаг амьтан огтоос биш тул надтай үзэл бодлоо солилцохдоо зөв буруу гэж айлтгүй байгаасай гэж хүсэхийн дээр би ч гэсэн өөрийн дураар бичих тул мөн тэр болгонд гомдоод, тунихгүй байгаасай гэж хүснэ. За тэгээд эцэст нь өгүүлэхэд хувь хүний үзэл бодол шиг чухал юм энэ нийгэм хийгээд эртний нийгэмд ч байгаагүйг санан, элдэв бусын жүжиг тавилгүйгээр сайхан ЯРИЛЦЬЯ АНДУУДАА..!
                                                                                                                               Хүндэтгэсэн Ж.Оргил