За юутай байцгаана даа? Хэд хоногийн өмнө шинэ номоо өлгийдөж авлаа. Тэр тухайгаа нэг бичлэг оруулчихъя гэж бодсон ч хүүхдээ харах гэж хүнд ажилд дарагдчихаад юун тэр манатай. Өнөөдөр унтаж байгааг нь далимдуулаад хэдэн үг, шүлэг оруулахаар сэм ажиллав. Миний анхны ном “Саранд үүрлэсэн шувуу” 2008 онд гарснаас хойш хоёр жил өнгөрсөн байна. Энэ хугацаанд хаяа нэг шүлэг бичсээр байтал нэг мэдэхнээ номны шүлгэнд хүрчихэж. За тэгээд л нэгэнт номны эх бэлэн болчихооор чинь сэтгэл гэгэлзээд л эхэлнэ биз дээ. “Номоо гарганаа” гээд л олон амьтанд томроод яваад байтал нэг өдөр ангийн андтайгаа халамцаж суугаад ном гаргах хөрөнгө санхүүгийнхээ асуудлыг шийдчихдэг юм байна. Бөөн баяр гэртээ шуугиж ирээд л хэд хоног шууд сууна биз дээ. Шүлгүүдийн минь алдаа оноог тунгаахад олон хүн оролцсоон. Би тэдэнд талархаад барахгүй байгаа. Тэр тусмаа хэвлэн гаргахаас эхлээд хэв маягийг нь шийдэхэд надаас илүү хувь нэмэр оруулсан эхнэртээ ХАЙРТАЙ гээд хэлье.
Харин шүлгийнхээ тухайд өгүүлэхэд шүлгүүд минь анхны номтойгоо зэрэгцүүлээд харахад овоо тэгширсэн байгаа байх гэж бодно. Ер нь хүмүүс миний шүлгийг уншаад хоёр зүйл хэлэх гээд байдаг юм. Нэгдүгээрт чиний зарим шүлгүүд хоорондоо төстэй болжээ. Өөрийгөө давтаад байна уу даа? -Өөрийгөө өмөөрөх минь гол биш ээ. Нэг цаг үед бичигдсэн, нэг хүнээс гарч буй шүлгүүд адилхан байх нь хууль шүү дээ.. Тэгээд ч бусдыг давтсан биш өөрийгөө л давтаа биз дээ. Энэ дээр би элдэв юм боддоггүй. Хоёрдугаарт шүлгүүдээс чинь жаал хар бараан зүйл анзаарагдаад байх юм. Хар юм бичих дэмий биш үү? – Энэ тухайд бол арай өөрөө. Санаагаар болдог бол хүний амьдралын сайн сайхныг дуулахсан. Даанч болдоггүй юм билээ. Ер нь хүнд юу хүчтэй сэтгэгдэл үлдээнэ түүнийгээ л бичвэл илүү үр дүнтэй байдаг. Гэхдээ шүлгүүд минь уншигчаа дарамтанд оруулахгүй ээ. Жаахан гуниглуулах л байх.