Tuesday, April 17, 2012

ИЛЖИГ ГЭЖ ЮУ ВЭ?


Би гайгүй нийтэч хүн л дээ. Тэр тоогоороо олон найз нөхөд, танилтай байдаг. Гэлээ гээд нүүр рүү ном шидэж уурлачихаад хэдхэн хоногийн дараа инээгээд учрах нөхөд их цөөхөн дөө. Бусад хүмүүст ч гэсэн тийм “зүрхний” гэмээр найз их бус байдаг болов уу? Ер нь нөхөрлөл, хайр дурлал, ажил мэргэжил, уран бүтээл зэрэг бүх юм хувь тавилан байдаг байх гэж боддог. Нарийн яривал үйлийн үр. Хэрвээ тэр бид хоёр нэг сонирхолтой байгаагүй бол нэг ангид орж, мөр зэрэгцэн суухгүй байсан. Магадгүй энэ нүсэр хотод хөдөөний хоёр бацааны гэр нь нэг гудамжинд байж таараагүй бол анхны хайрынхаа тухай хэн хэндээ сэтгэл догдлон ярихгүй байсан байх... Юм гэдэг сонин шүү.
Түүний нэрийг Пунцагболд гэдэг юм. Найзуудынх нь дууддагаар Илжиг. Манай хэдэн “гарууд” бүгд л их өвөрмөц нэртэй дээ. Сарлаг, Илжиг, Шрек, Смыгаль гэх жишээний. Хэхэ. Хамгийн олон нэртэй нь Хатанбүүвэйбаатар. Жинхэнэ нэр нь ч, хоч нь ч тэр бусдаасаа хамаагүй их. Хүнээс илүү “юмтай” байх сайхан уу гэж би түүнээс нэг асуух бодол өвөрлөөд л яваа. Урдаас “хуц” л гэх байх. Гэхдээ би ч гэсэн зөрүүлээд хариулах үгтэй.  За Бүүвэй ч яахав тэр Илжигнийхээ тухай яръя. Зан чанарын хувьд ёстой “дунд нь л байсан” гэдэг шиг хүн дээ. Хүнийг гомдоох, хэрүүл уруул хийх, хичээл ном таслах, архи дарс уух зэрэгт тэр дунд нь л байсан. Одоо ч дунд нь л байсаар байгаа. Анх жалга жалгын зүрхний хийтэй хэдэн бацаанууд нэг анги болон нэгдчихээд, тролейбус дотор талх бодоод зүүрмэглэж яваа хэдэн хөгшид багачуудад шүлэг чангаар дуудаж өвчигнөж явдаг байснаа бодохоор одоо бөгс улайдаг юм. Хаа сайгүй шүлэг уншиж явна. Цонхны тавцан, коридор, нойл, эрүүлжүүлэх... нөгөө уншаад байгаа шүлэг нь хөөрхий хөгийн юмаа зайлуул. Жинхэнэ алдарт яруу найрагчид байсан даа.

Monday, April 16, 2012

ХАВРЫН БЭЛЭГ















Хамгийн гэнэхнээр инээсэн хүнд
Хаврыг бэлэглэнэ.
Халаасандаа гараа хийсэн болжморуудтай нь
Хариугүй ядарсан салхитай нь, яргуйтай нь...
Харихыг үл төвдөх залуустай нь бэлэглэнэ.
Оюутны байрны үүдэнд овоорон суух хөвгүүдийн
Оройн болзоонд хэрэглэхээр хадгалсан бүх мөнгийг бэлэглэнэ.
Сэтгэлийг нь ч бэлэглэнэ.
Орцны үүдэнд нарлах эмээгийн таягийг
Өндөр настай нь хамт бэлэглэнэ.
Охиныхоо цондгор гүзээг
-Ааваа гэх цангинасан дуутай нь бэлэглэнэ.
Одоо болтол бичиж чадаагүй
Хамгийн шилдэг шүлгээ,
Уйлсан..,
Ургах гэж яарсан өвсний сүнстэй хамт бэлэглэнэ.
Бүгдийг бэлэглэчихнэ.
Хайраан ч бэлэглэнэ.
Хамгийн гэнэхнээр инээсэн хүнд л... хаврыг бэлэглэнэ.
                                                     2012.02.16нд УБ хот

Wednesday, April 11, 2012

ХАВАР


Хаа сайгүйд цэцэгс ургамлын сүнснүүд нисэлдээд
Хавирга  хөндүүрлэтэл мөргөх  ч зэрвэс ч  харахгүй
Хачин  жигтэй энэ улирлын  юмс  бүхэн гэгэлзээд
Харсан зүгтээ  зүтгэлэх нь  гуниглах ч зав олгохгүй
                                       2010.05.19 нд УБ хот