Sunday, March 25, 2012

ҮД ДУНД


 



Нарны туяа нимгэн үүлсийг урнаар цоолборлохуй...
Цэцгийн дэлбээгээр бороо орох шиг санагдана.

Намрын тухай бичсэн уйт шүлгүүдээ бодохоор
Амар амгалангийн үүдийг тогшиж чадахгүй зогсоно!
                                   2011.10.22 нд УБ хот.

Thursday, March 22, 2012

ОРИЛООН






















Тэнэг юм шиг тэнгэр хүртэл дүнсийгээд...
Тэргэнцэртэй залуу амиа хорлох тухай мөрөөдөөд...
Яах гээд байгаа нь мэдэгдэхгүй энэ амьдралд
Яруу найрагч байх нь илүүдсэн ч юм шиг санагдаад..,

Хашгирмаар, хажуугаар зөрөх хүнийг цохиод авмаар
Хачин жигтэй ийм үест хаачихаа хэн ч мэдэхгүй...
Урт цагааны доод давхарын жижигхэн кафегаас л
Үдийн цай олж уухаас өөр санаа байхгүй...

Бишээ..,  биш.  Энэ  яав ч амьдрал  биш.
Бид  ингэж  явах  гэж  төрөөгүй,  мөрийцье!
Хаана ч юм бэ нэг газар чамайг хүлээж байгаа
Хутганы ир  хэлээд  өгнө.  Энэ л лав  амьдрал  биш.
 2011.11.03нд УБ хот

Tuesday, March 20, 2012

МӨЧИР














Чиний хүзүүнд хүрч алдрах нэгэн мөчир чичирч байгааг
Чагна даа. Тэр хөлөрчихөөд хөдөлж ч чадахгүй
Хүнийх юм шиг бие нь хүчрэгдэхгүй, хөөрхийлөлтэй!
Чагна даа. Уринбайн халуунд чинь тарчлахыг, угнаасаа
Үзүүр хүртэлх эс бүхнээ мэдрэхийг, хүрч тэвчихгүй, хөдөлж ч
Чадахгүйдээ шаралхахыг, хоолой нь зангирахыг, хүчлэн инээхийг
Чагна даа. (Шоолох хэрэггүй ээ). Ганцхан л чагначих
Солиортол дурласан мөчрийг үзэн ядталаа өрөвдөх вий чи!
                                                2009.09.30 УБ хот

/Би дэлхийн яруу найрагчдын нэг гэж өөртөө өдөр бүр хэлж бай... Сайхан байгаа биз!?
                                                                                                                          Ш.Дулмаа/

Monday, March 19, 2012

УДАХ ТУСАМ УЛАМ АМТТАЙ БОЛОХ ДУРДАТГАЛ


















Удах тусмаа улам амттай болох дурдатгал
Уй гунигийн хөлгүй тэнгис минь..,
Эрэг дээр чинь хэдий удаан зогсоно, төдий чинээ давалгаалах
Эмзэг минь, эзэмшил минь!

Хөвөөн дээрээс чинь шүлэг шүүрдэн суухнээ
Хүмүүсээс хол юутай амгалан,
Хүрсэн газар дээрээсээ хүрэх алсаа ширтээд л
Хүүхэд насаа хичнээн л бол хичнээн эрхлүүлэх..,

Залуу насны оргилуун хүсэл, гэгээн гунилаас чи бүтсэн
Зах хязгаар, туйлдал гэж чамд үгүй ээ..,
Зам хөндлөн гарахдаа ч
            мөрөөдөж явдаг байсныг минь бусдад хэлэх гэж
Зуу зуун жил амьдраарай чи минь!
                                             2010.04.20 УБ хот

Wednesday, March 14, 2012

"НҮЦГЭН БИЕИЙГ АЛДАРШУУЛЪЯ"-ЫН НҮЦГЭН ҮНЭН



“Уг гарвал нь ийм л юм билээ л дээ. Хүний оюуны бүтээл, тэр дамаа зохиогчийн нэр усан дээр ийм муухай будилах ч дээ... за тэгээд үнэн бол цөөн ч болтугай хүн мэдээсэй хэмээн энэ нийтлэлийг оруулав”

Хэдэн жилийн өмнө "Хорионд байсан шүлгүүд" нэртэй нэг бяцхан дэвтэр нийтлэгдсэнийг бид хоёр хожуухан олж үзсэн юм. Олж үзээд үнэнийг шүтэх үүднээс нэгэн өгүүлэл бичихээр ярилцсан боловч хэн хэний маань зав зай болохгүй явсаар бас  л чам­лахааргүй хэдэн жилийг үдэж орхижээ. Ийн нэ­лээд хэдэн жил  өнгөрсөн хойно ч гэсэн үнэнийг дуулгах үүднээс энэ зүйлийг тэрлэв. Уг дэвтэрт "Нүцгэн биеийг алдаршуулъя"  гэсэн нэгэн шүлэг нийт­лэгдсэнийг тэр хэвээр нь сийрүүлье.

Monday, March 12, 2012

...ШИГ...















Бүүр багад минь орж байсан бороо өнөөдөр ахин орох шиг...
Бөглүүхэн  сууриндаа  хэзээний  оччихсон  юм  шиг...
Гал тогооныхоо цонхоор Түнэлийн тагаа ширтэх шиг...
Ганцаардал гэдэг мэдрэмжийг анх амсаж байсан үе шиг..!
2011 оны 8 дугаар сар 30

Tuesday, March 6, 2012

ГЭРЛЭЛТ БОЛ




      “Валентины захидал” УСК киноны маань мюзикл хэсэг байгаа юм. Эмэгтэй хүн сонсоход жаахан тиймэхүү л болсон. Гэхдээ уурлахаа түр азнаарай. Тэр Амараа ахын орж ирдэг хэсэг дээрээс утга агуулга зөөлөрч байгаа шүү.
     Ийм агуулга бүхий дуу хийсэнд эхнэр маань уучлах бизээ. Жинхэнэ сэтгэлдээ ингэж боддоггүйг минь чи мэднэ ш дээ. Ккк. Аргагүй шахалтанд ороод л үгийг нь бичсэн юм шүү. За за надад нэгэнтэй өөр дуу байхгүй учир бүх эмэгтэйчүүддээ зориулаад энэ дууг блогтоо оруулъя даа. Ккк.