Thursday, January 26, 2012

НАМУУН
















Сая орсон борооны үнэр
Салуй улиасны мөчрөөс дүүжигнэж,
Салхинд сэрчигнэх
Санаашрал эрвээх нь намуун...

Уй бүгтэрсэн урт шөнө
Уйлсан тэнгэр халтар шөнө
Урд хөршийн яндангаас
Унасан очис намуун...

Хив харанхуйн гэгээ болж
Хаа нэгтээ хуцах нохойн
Хэлэхийг нь зөвшөөрөх шиг аниргүй...
Түнэлийн суурин намуун!
          2011.11.11нд УБ хот

Tuesday, January 24, 2012

МӨНХ АМЬДАРНАМ, БИ!
















Навчис хучсан цөөрмийн эрэг дээрх
Намхан, дүнзэн байшинд би амьдардаг.
Тэндхийн орон зай, дуусаагүй шүлэг..,
Түрүүхэн ирээд явсан бүсгүйд нь хайртай!

Чиний бодож байгаа гэхдээ биш ээ
Чив чимээгүй тэнд ноёлдог юм.
Хурц нар, бороотой тэнгэр үгүй
Хурууны завсраар цухуйх гэрэл шиг
Бүдэгхээн  гэгээ  л  байдаг  юм.

Бүх юм амарлингуйд нэгдсэн энэ газар
Бүгтхэн чимээ хаа нэгтэйгээс дуурсдаг.
Намар болохоор улам тод сонсогдоод
Найз  шиг  минь  дотно  санагддаг.

Хэн, юу гэдгийг мэдэхгүй ч түүнийг
Хэсэгхэн боловч чагнах сайхан байдаг.
Хэзээ ч зогсдоггүй тэр нэгэн дуун
Хэмнэл зүрхийг минь тэжээх шиг болдог.

Бүүр багаасаа л амьдарсан болохоор
Байхгүй гэдэгт нь үнэмшихийг хүсдэггүй...
Хуруунаасаа цацрах гэгээн гэрлээр наадан
Хувилгаан төрхөөрөө тэнд л оршдог.
      2011.10.24 нд УБ хот.

Tuesday, January 17, 2012

ЯРУУ НАЙРГИЙН УНШЛАГА

"Хөх мэдрэхүй" утга зохиолын бүлгэм "Max" төвийн "Ramada-Art" галлерей-н хамт олонтой хамтран "Яруу найргийн уншлага" зохион байгуулах гэж байна. Сэтгэлдээ бясалгаж, дэвтэртээ нандигнасан шүлгүүдээ бусадтай хуваалцах, найраг шүлгийн сайхныг шимтэн сонсох гэсэн хүн бүрт уншлага маань нээлттэй.
Энэ бол зөвхөн "Хөх мэдрэхүй" гэж бүлгэмийнхэний уншлага бус. Та шүлэг бичдэггүй байсан ч өөрийн хүндэлдэг найрагчийн, дуртай шүлгүүдээ уншиж болно. Бас уран зохиол, яруу найргийн тухай үзэл бодлоо хуваалцаж ч болно. Энэ тохиолдолд биднийг зүгээр л зохион байгуулж буй улс гэж ойлгоорой!
Бай шагналын төлөө яруу найргаар уралддаг биш, бай шагнал авах гэж шүлэг бичдэг бус, зүгээр л сэтгэлээрээ бичсэн шүлгүүдээ сэтгэлээрээ уншдаг, бусадтайгаа  хуваалцдаг нэг тийм хандлагад ойртохсон гэхдээ энэ мэт уншлагыг бид байс байсгээд зохион байгуулдаг билээ. Энэ  уншлага бол тэр хүслийн маань илэрхийлэл, тэр л үйл ажиллагааны маань үргэлжлэл юм.
Дашрамд дурдахад бидний үйл ажиллагааг дэмжин 300 хүний багтаамжтай танхим, хөгжим, дуу авианы тоног төхөөрөмжөө харамгүй гарган өгч буй Ramada-Art галлерейн хамт олонд  маш их баярлалаа. Цаашид бид хамтран  энэ уншлагаа 2 сар тутамд нэг удаа уламжлал болгон явуулж байх юм. 

Wednesday, January 11, 2012

АФОРИЗМ


Би юмыг яг ийм байх ёстой, энэ чинь тийм юм гэж эцсийн дүгнэлт хийхээс аль болох зайлсхийдэг хүн л дээ. Амьдралыг олон талаас нь харахыг хүсдэгээ гэсэн үг. Гэхдээ маргааны үед бол арай өөр болчихоод байдаг тал бий. Доорхи афоризмууд бол маргалдаагүй байхад төрсөн юм шүү. Яг үнэндээ бол Афоризм бичих гэж огтхон ч бодож байсангүй. Зүгээр л явж байхад өөрөө толгойд орж ирээд байдаг юм. Тийм болхоор гүн ухаан ч, бодрол бясалгалын шинж багатай, харин гэнэт ухаарахуй гэх юм уу даа, нэг тийм зурсхийсэн бодол давамгайлсан байдаг. Тэднийгээ тэмдэглэж ч авсангүй. Хачирхалтай нь ой санамжинд хэд гурав нь байсаар байдаг байлаа. Тэгээд нэг өдөр цаасан дээр буулгатал чамгүй тоо гарсан шүү хэхэ. За тэгээд нэгэнт л биччихсэн юм чинь ганц нэгийг нь сонирхуулъя даа.

Өөрийгөө гээсээр хүн болж байна, би.

Ижил мэргэшилтэй хүмүүст шудрага нөхөрлөх боломж олддоггүй.

Амьдрал гагц хайр дээр тогтддог бол ямар уйтгартай байх бол гэж би дандаа боддог.

Шүлэгтэй дэвтэр, түрийвчтэй мөнгө хоёр нэг халаасанд багтадаггүй хорвоо.

Хүний сэтгэлийг мөнгөөр хэмждэг хүн худалдаад авчихаж болдог эд зүйлээс огтын ялгаагүй.

Пикассо яагаад хүүхэд шиг зурахыг хүссэнийг Пикассогоос бус хүүхдээс л асуу.

Үнэн гэдэг сургаар л бий болчихдог зүйл.