Sunday, November 14, 2010

ОДОД БОРОО ШИГ БАЙХАД

        
































































       За юутай байцгаана даа? Хэд хоногийн өмнө шинэ номоо өлгийдөж авлаа. Тэр тухайгаа нэг бичлэг оруулчихъя гэж бодсон ч хүүхдээ харах гэж хүнд ажилд дарагдчихаад юун тэр манатай. Өнөөдөр унтаж байгааг нь далимдуулаад хэдэн үг, шүлэг оруулахаар сэм ажиллав. Миний анхны ном “Саранд үүрлэсэн шувуу” 2008 онд гарснаас хойш хоёр жил өнгөрсөн байна. Энэ хугацаанд хаяа нэг шүлэг бичсээр байтал нэг мэдэхнээ номны шүлгэнд хүрчихэж. За тэгээд л нэгэнт номны эх бэлэн болчихооор чинь сэтгэл гэгэлзээд л эхэлнэ биз дээ. “Номоо гарганаа” гээд л олон амьтанд томроод яваад байтал нэг өдөр ангийн андтайгаа халамцаж суугаад ном гаргах хөрөнгө санхүүгийнхээ асуудлыг шийдчихдэг юм байна. Бөөн баяр гэртээ шуугиж ирээд л хэд хоног шууд сууна биз дээ. Шүлгүүдийн минь алдаа оноог тунгаахад олон хүн оролцсоон. Би тэдэнд талархаад барахгүй байгаа. Тэр тусмаа хэвлэн гаргахаас эхлээд хэв маягийг нь шийдэхэд надаас илүү хувь нэмэр оруулсан эхнэртээ ХАЙРТАЙ гээд хэлье.
        Харин шүлгийнхээ тухайд өгүүлэхэд шүлгүүд минь анхны номтойгоо зэрэгцүүлээд харахад овоо тэгширсэн байгаа байх гэж бодно. Ер нь хүмүүс миний шүлгийг уншаад хоёр зүйл хэлэх гээд байдаг юм. Нэгдүгээрт чиний зарим шүлгүүд хоорондоо төстэй болжээ. Өөрийгөө давтаад байна уу даа? -Өөрийгөө өмөөрөх минь гол биш ээ. Нэг цаг үед бичигдсэн, нэг хүнээс гарч буй шүлгүүд адилхан байх нь хууль шүү дээ.. Тэгээд ч бусдыг давтсан биш өөрийгөө л давтаа биз дээ. Энэ дээр би элдэв юм боддоггүй. Хоёрдугаарт шүлгүүдээс чинь жаал хар бараан зүйл анзаарагдаад байх юм. Хар юм бичих дэмий биш үү? – Энэ тухайд бол арай өөрөө. Санаагаар болдог бол хүний амьдралын сайн сайхныг дуулахсан. Даанч болдоггүй юм билээ. Ер нь хүнд юу хүчтэй сэтгэгдэл үлдээнэ түүнийгээ л бичвэл илүү үр дүнтэй байдаг. Гэхдээ шүлгүүд минь уншигчаа дарамтанд оруулахгүй ээ. Жаахан гуниглуулах л байх.

Friday, November 12, 2010

ЯРИЛЦЬЯ АНДУУДАА..!

          Юуны урьдаар гарыг тань дотноор атгаад “Амар байна уу?” хэмээн мэндэлье. Миний анхны бичлэгийг уншиж байгаад тань чин сэтгэлээсээ талархаж байна. Өмнө нь би банжиг нээт дээр нэг блог хөтлөж байсан боловч Сайт нь хөгийн санагдаад байхаар нь хаачихсан юм. Одоо харин блогспотыг олоод бөөн баяр болж, ядмаг хүрээнээс гарч, шинэ хүмүүстэй танилцан, санаа бодлоо бусадтай хуваалцах тэр боломжийг дахин хүсэж байна.
          Одоогоор яг юуны тухай бичихээ шийдээгүй л байна. Гудамжаар явж байхад толгойд эргэлдээд байдаг хэрэгтэй, хэрэггүй бодлууд, эсхүл шүлгүүдээ, бүр мөрөөдлөө... ер юу ч бичиж магад. Гагцхүү блог дээр тавигдсан бичлэгүүд маань миний бөндгөрөөс гарсан байх, хэн нэгэн бичсэн байлаа ч ядаж доор нь өөрийн зүгээс тайлбар хийх гэсэн шаардлагыг өөртөө тавиад байгаа. Энэ нь нэг талаар өөрийгөө хөгжүүлэх гэсэн ядмаг санаа минь боловч нөгөөтэйгүүр бусадтай үзэл бодлоо тогтмол хуваалцахыг хүссэнийх юм.
          Би мундаг амьтан огтоос биш тул надтай үзэл бодлоо солилцохдоо зөв буруу гэж айлтгүй байгаасай гэж хүсэхийн дээр би ч гэсэн өөрийн дураар бичих тул мөн тэр болгонд гомдоод, тунихгүй байгаасай гэж хүснэ. За тэгээд эцэст нь өгүүлэхэд хувь хүний үзэл бодол шиг чухал юм энэ нийгэм хийгээд эртний нийгэмд ч байгаагүйг санан, элдэв бусын жүжиг тавилгүйгээр сайхан ЯРИЛЦЬЯ АНДУУДАА..!
                                                                                                                               Хүндэтгэсэн Ж.Оргил